Коронавирус ба aгаарын бохирдол: Та юу мэдэх хэрэгтэй вэ?

Нийтлэлийг бичсэн: Namuun Clifford
АНУ-ын Калифорни мужийн Circle Medical эмнэлгийн өрхийн эмч
19 · 02 · 2020
Эх сурвалж: Suniko Bazargarid for People In Need

Шинэ төрлийн коронавирусын дэгдэлт нь Монгол улсад төдийгүй дэлхий дахиныг айдаст автуулж яаралтай, сэрэмжтэй байдлыг бий болгож байна.  Бохирдол ихтэй орнууд тэр дундаа Улаанбаатар (УБ) хотод шинэ коронавирус нь илүү их аюултай. Уг мэдээнд агаарын бохирдол болон коронавирусын тухай та юу мэдвэл зохих  болон өөрийгөө, гэр бүлийн гишүүдээ аюулгүй байлгахад хэрхэн туслах талаар тусгасан болно. 

 

Шинэ коронавирус гэж юу вэ?

2019 оны Шинэ Коронавирус нь амьсгалын замын өвчлөл үүсгэж халуурах, ханиалгах, амьсгал олшрох шинж тэмдгээр илэрдэг. Уг халдвар нь хөнгөн явцтай илэрч ханиад томуутай андуурагдаж болох ч зарим тохиолдолд хүнд хэлбэрийн амьсгалын замын эмгэг үүсгэж үхэлд ч хүргэж  болно. Вирус нь халдвар авсан хүн ханиалгаж найтаах үед агаарт цацагдсан усан дуслууд халдваргүй хүний ам, хамар руу орсон тохиолдолд тархана. 

 

Яагаад Монгол Улс эрсдэл өндөртэй байна вэ? 

Монгол оронд одоогийн байдлаар шинэ коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэсэн хэдий ч УБ хотын агаарын бохирдлын хорт түвшин, өнөөгийн эрүүл мэндийн тогтолцооны чанар нь өвчний дэгдэлт гарсан тохиолдолд улс орныг аюултай нөхцөл байдалд хүргэнэ.

Энэхүү өгүүллийг бичиж байхад Улаанбаатар хотын агаар бохирдлоороо дэлхийд хоёрдугаар байранд жагсаж байна. Амьсгалын замын халдвар, тэр дотроо уушгины хатгалгаа, томуу нь агаарын бохирдлын өндөр түвшинтэй хавсран нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар байна. 2018 онд хийсэн UNICEF – ийн судалгаанд сүүлийн 10 жилийн хугацаанд амьсгалын замын эмгэг 270% – иар нэмэгдэж, 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны хоёрдугаарт уушгины хатгалгаа орсон дүн гарчээ. Харин 2019 оны байдлаар уушгины хатгалгаагаар 78.141 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсан (жил бүр 400 хүн нас бардаг) харамсалтай тоо баримтыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн билээ. 

Хүмүүс бохирдолтой агаараар амьсгалах үед түүнд агуулагдах жижиг хэмжээтэй тоосонцор амьсгалын зам, уушгийг цочроож улмаар амьсгалын зам хавагнан шүүрэл ялгаруулалт нэмэгддэг. Амьсгалын зам үрэвсэн цочромтгой болсноор томуу, амьсгалын замын эмгэгт өртөмтгий болгодог байна. Ханиад томууны вирусын халдвар авснаар бие махбодийн дархлааны систем идэвхжин үрэвслийн процесс явагдаж амьсгалын зам хавагнан өвдөх шинж илэрнэ. Уушгинд салстын шүүрэл ихэссэнээр ханиалгах, амьсгал давчдах шинж тэмдэг илэрнэ. Амьсгалын замын халдвар, агаарын бохирдол хавсарч үйлчилснээр амьсгалын замын эмгэгийг эрс өдөөж , нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг. Өндөр эрсдэлд өртөмтгий хүн амд : хүүхэд, хөгшид, жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байдал муу байгаа хүмүүс багтана.

Эх сурвалж: www.breathemongolia.org

 

Өөрийгөө болон бусдыг өвдөхөөс хамгаалъя! 

Одоогийн байдлаар шинэ коранавируст тохирсон өвөрмөц эмчилгээ ба вакцин байхгүй. Өөрийгөө болон бусдыг өвчлөхөөс хамгаалах хамгийн сайн арга бол эрүүл ахуйн дэглэмээ сайтар сахих юм.  Гараа тогтмол угаах нь ханиад томуу, коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн сайн арга. Гараа угаахдаа савантай усаар хамгийн багадаа 20 сек угаах ба энэ нь ойролцоогоор “Төрсөн өдрийн мэнд хүргэе” дууг 2 удаа дуулахтай тэнцэнэ. Гараа савантай усаар угаах боломжгүй байвал 60% – аас дээш спирт агуулсан гар ариутгагч хэрэглэж болно.

Гараа угаагаагүй үедээ нүд, хамар, амандаа хүрэхээс зайлсхийгээрэй. Вирусын халдвар нь хавьтлаар дамждаг тул хөл хөдөлгөөн ихтэй газруудад очихоос зайлсхийх хэрэгтэй. Цагаан сарaaр тул халдвар авахаас урьдчилан сэргийлэх үүднээс гэртээ үлдэж найз нөхөд, хамаатан садныдаа зочлохгүй байхыг зөвлөж байна. 

Ханиалгаж найтаах үедээ гараа нугалан шууны дотор тал руугаа найтаах эсвэл амны алчуур ашиглах хэрэгтэй ба дараа нь гараа угаагаарай. Мэс заслын амны хаалтыг  халдвартай хүн халдвар тараахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зүүхийг зөвлөе. Мэс заслын амны хаалт агаарын бохирдлоос хамгаалахгүй гэдгийг санах нь чухал. Амны хаалтны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидний бичсэн “Амны хаалтны талаарх зөвлөгөө” -г уншаарай. 

Хангалттай унтах, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хоол хүнс хэрэглэх нь таны дархлааг  дэмжин өвчнөөс урьдчилан сэргийлэх болно. Ханиад томууны улирал 5 – р сар хүртэл үргэлжилж болох тул жил бүр ханиадны эсрэг вакцин хийлгээрэй. 

Эх сурвалж: ДЭМБ

Өөрийгөө болон бусдыг агаарын бохирдлоос хамгаалъя 

Хэрвээ та УБ хотод амьдардаг бол амьсгалын замын эмгэгийн эрсдлийг бууруулахын тулд агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах нь чухал юм. 

Агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хэд хэдэн энгийн, үр дүнтэй зөвлөгөөг энд оруулав. 

  • Та гадагш гарахаасаа өмнө агаарын чанарын үзүүлэлтийг өдөр бүр шалгаарай. Тухайн өдрийн агаарын чанарын  хэмжилт, зөвлөмж зөвлөгөөг Breathemongolia.org  хуудас руу орж авна уу. 
  • Хэрвээ та бохирдол ихтэй үед гадагш гарах хэрэгтэй бол N95 or N99 амны хаалтыг зүүж өөрийгөө хамгаалаарай. N95” гэдэг нь уг амны хаалт агаар дахь хүний биед хамгийн хортой бичил тоосонцрыг хамгийн багадаа 95% шүүнэ. Энгийн мэс заслын маск нь таныг агаар дахь тоосонцроос хамгаалж чадахгүй. 
  • Агаарын бохирдлын түвшин өндөр байгаа үед гадаа гарч дасгал хийхээс зайлсхий. Агаарын бохирдол ихтэй үед хүүхдийнхээ гадаа тоглуулах хугацааг богиносгох хэрэгтэй. 
  • Бохирдол ихтэй байгаа үед цонхоо хаагаарай. 
  • Гэртээ агаар шүүгч ашиглаарай. 
  • Гэрт тамхи татахыг хэнд ч бүү зөвшөөрөөрэй. 
  • Тамхинаас татгалз. Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настай хүмүүс агаар бохирдуулагчдын сөрөг нөлөөнд хамгийн их мэдрэмтгий байдаг тул эргэн тойронд нь тамхи татахаас зайлсхий. 

 

Баталгаажуулалт 

Энэхүү нийтлэлийн агуулга нь олон нийтэд агаарын бохирдол эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө, өдөр тутмын амьдралд нөлөөлж болохуйц эрүүл мэндийн асуудлаар ерөнхий мэдлэг олгох зорилготой. Агуулгад багтсан аливаа зүйлийг эмчийн зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг орлуулах байдлаар ашиглах ёсгүй. Хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн байдалтай холбоотой аливаа асуулт байвал эмч эсвэл бусад мэргэшсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчээс зөвлөгөө авахыг бид зөвлөж байна. Хэрэв танд эрүүл мэндийн асуудал, бэрхшээл үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа бол яаралтай эмчид хандаарай. 

 

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >