COVID-19, Мэдээ

Коронавирус ба aгаарын бохирдол: Та юу мэдэх хэрэгтэй вэ?

Нийтлэлийг бичсэн: Намуун Клиффорд
АНУ-ын Калифорни мужийн Circle Medical эмнэлгийн өрхийн эмч
19 · 02 · 2020
Эх сурвалж: Suniko Bazargarid | People In Need

Шинэ төрлийн коронавирусын дэгдэлт нь Монгол улсад төдийгүй дэлхий дахиныг айдаст автуулж яаралтай, сэрэмжтэй байдлыг бий болгож байна.  Шинэ коронавирус нь агаарын бохирдол ихтэй орнууд, тэр дундаа Улаанбаатар (УБ) хотын хувьд илүү их аюултай. Агаарын бохирдол хүний дархлааны системийг сулруулснаар халдварын болон үхлийн эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна бохирдлын жижиг тоосонцор нь вирусыг дамжуулан тээгч болж болзошгүй. Доорх мэдээнд агаарын бохирдол болон коронавирусын тухай та юу мэдвэл зохих болон өөрийгөө, гэр бүлийн гишүүдээ аюулгүй байлгахад хэрхэн туслах талаар тусгасан болно. 

Шинэ коронавирус гэж юу вэ?

COVID-19 буюу 2019-nCoV гэж нэрлэгдсэн шинэ коронавирус нь амьсгалын замын өвчлөл үүсгэж халуурах, ханиалгах, ядрах, амьсгал давхцах шинж тэмдгээр илэрдэг. Уг халдвар нь хөнгөн явцтай үед энгийн ханиад томуутай андуурагдаж болох ч зарим хүнд хэлбэрийн тохиолдолд амьсгалын замын эмгэг үүсгэж, үхэлд ч хүргэж болно. Вирус нь хүнээс хүнд халдварладаг буюу халдвар авсан хүн ханиалгаж найтаах үед агаарт цацагдсан дуслууд халдваргүй хүний ам, хамар руу орсноор тархана. 

Яагаад Монгол Улс эрсдэл өндөртэй байна вэ? 

Монгол оронд одоогийн байдлаар COVID-19 өвчний 219 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдлууд бугд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байгаа хэдий ч УБ хотын агаарын бохирдлын хорт түвшин, өнөөгийн эрүүл мэндийн тогтолцооны чанар нь өвчний дэгдэлт гарвал улс орныг аюултай нөхцөл байдалд хүргэнэ.

Энэхүү өгүүллийг бичиж байхад Монгол улс агаар бохирдлоороо дэлхийд гуравдугаар байранд жагсаж байна. Амьсгалын замын халдвар, тэр дотроо уушгины хатгалгаа, томуу нь агаарын бохирдлын өндөр түвшинтэй хавсран нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар байна. 2018 онд хийсэн UNICEF – ийн судалгаанд сүүлийн 10 жилийн хугацаанд амьсгалын замын эмгэг 270%-иар нэмэгдэж, 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны хоёрдугаарт уушгины хатгалгаа орсон дүн гарчээ. Харин 2019 оны байдлаар уушгины хатгалгаагаар 78’141 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсан (жил бүр 400 хүн нас бардаг) харамсалтай тоо баримтыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн билээ. 

Эх сурвалж: AirVisual

Хүмүүс бохирдолтой агаараар амьсгалах үед түүнд агуулагдах жижиг хэмжээтэй тоосонцор амьсгалын зам, уушгийг цочроож, улмаар амьсгалын зам хавагнан шүүрэл ялгаруулалт нэмэгддэг. Амьсгалын зам үрэвсэн цочромтгой болсноор томуу, амьсгалын замын эмгэгт өртөмтгий болдог байна. Ханиад томууны вирусын халдвар авсны дараагаар бие махбодийн дархлааны систем идэвхжин үрэвслийн процесс явагдаж, амьсгалын зам хавагнан өвдөх шинж илэрнэ. Уушгинд салстын шүүрэл ихэссэнээр ханиалгах, амьсгал давчдах шинж тэмдэг илэрнэ. Амьсгалын замын халдвар, агаарын бохирдол хавсарч үйлчилснээр амьсгалын замын эмгэгийг эрс өдөөж, нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг. Өндөр эрсдэлд өртөмтгий хүн амд хүүхэд, хөгшид, жирэмсэн эмэгтэйчүүд, болон суурь өвчтэй хүмүүс багтана.

Өөрийгөө болон бусдыг өвдөхөөс хамгаалъя

Одоогийн байдлаар шинэ коранавируст тохирсон өвөрмөц эмчилгээ ба вакцин байхгүй. Өөрийгөө болон бусдыг өвчлөхөөс хамгаалах хамгийн сайн арга бол эрүүл ахуйн дэглэмээ сайтар сахих юм. Гараа тогтмол угаах нь ханиад томуу болон коронавирусын халдвар тархахаас сэргийлэх хамгийн сайн арга. Гараа угаахдаа савантай усаар хамгийн багадаа 20 сек угаах ба энэ нь ойролцоогоор “Төрсөн өдрийн мэнд хүргэе” дууг 2 удаа дуулахтай тэнцэх хэмжээний хугацаа юм. Гараа савантай усаар угаах боломжгүй байвал 60%-аас дээш спирт агуулсан гар ариутгагч хэрэглэж болно.

Гараа угаагаагүй үед вирус таны гарны гадаргуунд байх магадлалтай тул нүд, хамар, амандаа хүрэхээс зайлсхийгээрэй. Хөл хөдөлгөөн ихтэй газруудад очихоос зайлсхийж, ямар нэгэн шинж тэмдэг танд илэрсэн тохиолдолд бусад хүмүүстэй харьцахгүй байх хэрэгтэй. 

Ханиалгаж найтаах үедээ гараа нугалан шууны дотор тал руугаа найтаах эсвэл амны алчуур ашиглах хэрэгтэй ба дараа нь гараа угаагаарай. Халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гадуур явахдаа эмнэлгийн зориулалтын амны хаалт эсвэл энгийн даавуун амны хаалтыг зүүхийг зөвлөе. Гэхдээ эдгээр амны хаалт таныг агаарын бохирдлоос хамгаалахгүй гэдгийг санах нь чухал. Амны хаалтны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидний бичсэн “Амны хаалтны талаарх зөвлөгөө”-г уншаарай. 

Хангалттай унтаж амрах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, эрүүл хоол хүнс хэрэглэх нь таны дархлааг  дэмжин өвчнөөс урьдчилан сэргийлэх болно. Хэдийгээр ханиад томууны вакцин коронавирусээс хамгаалахгүй боловч жил бүр томуугийн эсрэг вакцин хийлгэх нь чухал хэвээр байгаа юм. 

Эх сурвалж: ДЭМБ

Өөрийгөө болон бусдыг агаарын бохирдлоос хамгаалъя 

Хэрвээ та УБ хотод эсвэл агаарын бохирдол ихтэй өөр хот сууринд амьдардаг бол амьсгалын замын эмгэгийн эрсдлийг бууруулахын тулд агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах нь чухал юм. Агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хэд хэдэн энгийн, үр дүнтэй зөвлөгөөг энд оруулав. 

  • Та гадагш гарахаасаа өмнө агаарын чанарын үзүүлэлтийг өдөр бүр шалгаарай. Тухайн өдрийн агаарын чанарын хэмжилт, зөвлөмж зөвлөгөөг Breathe Mongolia хуудас руу орж авна уу. 
  • Хэрвээ та бохирдол ихтэй үед гадагш гарах хэрэгтэй бол өөртөө сайн таарсан хэмжээтэй N95 эсвэл N99 амны хаалтыг зүүж өөрийгөө хамгаалаарай. “N95” гэдэг нь уг амны хаалт агаар дахь хүний биед хамгийн хортой бичил тоосонцрыг хамгийн багадаа 95% шүүнэ гэсэн үг. Энгийн мэс заслын маск нь агаар дахь тоосонцор таны уушгинд орохоос хамгаалж чадахгүй. 
  • Агаарын бохирдлын түвшин өндөр байгаа үед гадаа гарч дасгал хийхээс зайлсхий. Агаарын бохирдол ихтэй үед хүүхдийнхээ гадаа тоглох хугацааг богиносгох хэрэгтэй. 
  • Бохирдол ихтэй байгаа үед цонхоо хаагаарай. 
  • Гэртээ агаар шүүгч ашиглаарай. 
  • Гэрт тамхи татахыг хэнд ч бүү зөвшөөрөөрэй. 
  • Тамхинаас татгалз. Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настай хүмүүс агаар бохирдуулагчдын сөрөг нөлөөнд хамгийн их мэдрэмтгий байдаг тул эргэн тойронд нь тамхи татахаас зайлсхий. 

Баталгаажуулалт

Энэхүү нийтлэлийн агуулга нь олон нийтэд агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө, өдөр тутмын амьдралд нөлөөлж болохуйц эрүүл мэндийн асуудлаар ерөнхий мэдлэг олгох зорилготой. Агуулгад багтсан аливаа зүйлийг эмчийн зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг орлуулах байдлаар ашиглах ёсгүй. Хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн байдалтай холбоотой аливаа асуулт байвал эмч эсвэл бусад мэргэшсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчээс зөвлөгөө авахыг бид зөвлөж байна. Хэрэв танд эрүүл мэндийн асуудал, бэрхшээл үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа бол яаралтай эмчид хандаарай. Монгол улс дахь COVID-19 өвчний талаарх мэдээллийг цар тахалд зориулсан манай пэйжнээс авна уу. 

 

Хулан Гантөмөр, Халиун Аюуш, Хэйли Гармент, Энхүүн Бямбадорж нарт баярлалаа.

Энэхүү нийтлэлийг хамгийн сүүлд 6-р сарын 27-нд Монгол дахь COVID-19 статистик, ДЭМБ-аас гаргасан удирдамжийн дагуу шинэчлэв.

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >