Мэдээ

Монгол Залуучууд ба Агаарын Бохирдол

27 · 10 · 2020
Эх сурвалж: Сунико Базаргарид

Нийтлэлийг бичсэн Дженни Хан Симон

 

“Монгол улсыг бид хуучны Их Монгол Улсаар л төсөөлдөг. “Монгол улс” гээд гадныханд хэлвэл өнөө цагийн, миний мэдэх Монгол Улсыг төсөөлөхөд бэрх. Англи хэл дээрх Монгол улсын талаарх мэдээллийн сан асар дутмаг байдаг тул үүх түүхээ гадарладаг хэдхэн хүмүүст тал нутаг, хаяаран харагдах хөх тэнгэр, морьд болон таван хошуу мал нь л санаанд нь буудаг. Үүнээс бусдаар Монгол улсын талаарх мэдлэг  Евразийг эзэлсэн нэгэн хааны түүхээр хязгаарлагдана.”

“21-р зуунд технологи, бизнес, социо-политикийн өөрчлөлт дэлхийг шуугиулж байна. Гэтэл Монгол улс энэ их хомрогон дор чив чимээгүй мэт гаднаасаа харагдана. Гэвч Монгол улс бидний төсөөлснөөс ч илүү хөгжсөн байгааг Монголд өнгөрөөсөн хэдэн жилийнхээ гавьяанд харлаа. Монголд ардчиллал болон түүний идеологи яригдаж, ЛГБТ болон эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хөндөгдөж, байгаль орчинд ээлтэй бизнес технологиуд хөгжиж, М-поп, урлаг, хувцас загвар мэтээр Монголын шинэ үеийн залуус  өөрсдийгөө бага багаар тодорхойлсоор байна.” хэмээн номын зохиолч Обри Менард бидэндтэй хийсэн ярилцлагаа эхлэв.

Young Mongols номондоо тэрбээр Монгол улсыг “… байгалын баялгаар асар баян боловч уг орны онцлохуйц том баялаг нь Монгол залуучууд юм.” хэмээн дурджээ.

Young Mongols буюу Залуу Монголчууд номоороо зохиолч ЕБС-ийн хүүхэд залуусаар хязгаарлагдалгүйгээр Монголд шинээр урган гарч ирж буй салбаруудад ажиллаж буй бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд болон Монголыг дэлхийн хэмжээнд авч гарах чадлын залуусыг урьж ярилцсанаар бүтээлээ туурвижээ.

“Монгол улсыг дэлхийтэй харьцуулбал их “залуу” орон. Дээд боловсролтой залуус ТББ (Төрийн бус байгууллага)-ууд, том корпорациуд, бусад томоохон секторуудад хүч түрэн орж ирж байгаа нь маш авууштай зүйл юм. Үүн дээр нэмвэл, Монгол улсын дундаж нас 27,5 байна. Уг тоо мэдээг олон улсын түвшинд харьцуулвал АНУ (Америкийн Нэгдсэн Улс)-ын дундаж нас 38, Өмнөд Солонгосын дундаж наслалт 42, БНХАУ-ынх 37, ОХУ-ынх 39 байна. Энэ нь Монгол улсын 65%-ыг 34 ба түүнээс доош настай иргэд эзлэж байгаагын учир билээ.” (Young Mongols ном, хуу. 295)

“Монгол улсын шинэхэн залуу үе ирээдүйн Монголын дүр зургийг бага багаар тодорхойлж байгаа нь олон улсын шинжээчддийн сонирхлийг татаад байна. Магадгүй ирээдүй гэрэлтэй байвч шинэхэн үеийн даван туулах ёстой олон саад бэрхшээлүүдийн нэг нь яалт ч үгүй агаарын бохирдлын асуудал билээ. Өвлийн улирлаар Шинэ Дели, Бээжин хотуудын зэрэгт хүрдэг Монголын агаарын чанарын индексийн (PM 2.5) тулгамдсан асуудлыг хөндөх нь Монгол улсын ирээдүйд нэн чухал асуудал болоод байна. Зохиолч Обри Менардийн хийсэн судалгаагаар агаарын бохирдол ихтэй орнууд ихэнхидээ аж үйлдвэржилт сайтай орнууд (Жишээлбэл: БНХАУ) байдаг боловч Монгол улс энэ утгаараа өвөрмөц тохиолдол болдог аж. Монгол дахь агаарын чанарын асуудал асар тааруухан байгаа боловч Монгол  дэлхийн агаарын бохирдлыг хамгийн их үүсгэдэг орнуудын нэг биш билээ.  Аливаа том корпорацийн үйл ажиллагаанаас хамааралгүйгээр үүссэн энэ агаарын чанарын аюултай нөхцөл байдал эцэстээ дэд бүтцийн, тааруухан төлөвлөлттэй системийн хор уршгаас үүдэн гарсан юм.”

“Монголын хахир хүйтэнд хөдөө орон нутгаас жил бүр малчид нүүн ирнэ. Тэд ихэнхидээ санхүүгийн байдлаасаа болж хотын гадуур суурьшин “гэр хороолол”-уудыг үүсгэдэг. Гэвч Улаанбаатар хот шинээр суурьших хөдөө орон нутгийн иргэдэд дэд бүтцийн зохион байгуулалтын даац дутмагаас нэгдсэн дулааны системийн асуудлыг нь шийдэж өгдөггүй. Иймд хахир хүйтнийг арга ядан давах иргэдийн зовлонгоос үүдэн агаарын бохирдлын асуудал жил ирэх тусам дордсоор байна. “

“Монголчууд нийгмээрээ өөрчлөгдтөл агаарын бохирдол монголд байсаар байх бэрхшээлүүдийн нэг билээ. Хүн бүрийн оролцоотой нийгмийн тулгамдсан асуудалд хэн хариуцлага хүлээх вэ? Магадгүй шинэ үеийн залуучуудад хариулт байж магадгүй гэж бид олзуурхаж байгаа.”

“Монгол дахь залуусын дуу хоолойгүйгээр агаарын бохирдлын эсрэг тэмцлийг төсөөлөшгүй юм.”

Зохиолч Обри Менард номондоо “Breathe Mongolia ТББ”-ийг урьж ярилцлага хийсэн талаараа бидэнд дараах хариултыг өгсөн юм.  

“Монголын агаарын бохирдлын асуудал иргэд түүхий нүүрс хэрэглэснээр дуусахгүй. Монголд дэд бүтцийн төлөвлөлт маш дутмаг байгаатай, хөрөнгийн хуваарилалт, байгал орчны талаарх мэдлэг дутмаг зэрэг маш олон хүчин зүйлс үүнд нөлөөтэй. Жишээлбэл: Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах оролдлого, төслүүд байсан боловч гэр хороололд оршин суудаг иргэдийн санхүүгийн бололцоо хүрэлцээгүйн улмаас томоохон төслүүдийн хэргэжилт тааруухан байв. Үүнээс гадна Улаанбаатар хотын хүрээнд иргэдэд түрээслэх, худалдан авах зорилгын орон сууц дунджаар 4000 байдаг бол 220000 өрх гэр бүл гэр хороололд амьдардаг тоо, статистик байдаг аж.”

“Бас нэгэн дурдах ёстой асуудал нь, гэр хорооллыг бага багаар үгүй хийснээр Монголчуудын уламжлалт аж төрөх ахуйг үгүй хийж байгаа нэгэн хэлбэр байж магадгүй. Монголын агаарын бохирдлын асуудал маш олон хүчин зүйлсээс хамааралтай бөгөөд тэд үүнийгээ шийдэхийн тулд маш олон төрлийн, дээд боловсролтой мэргэжилтнүүдийн тусламж хэрэгтэй.” гэв.

Обри Breathe Mongolia-гийн үүсгэн байгуулагч Ц. Азжаргалаар зогсохгүй бусад хот төлөвлөлтийн инженер, зэрлэг ан амьтдыг хамгаалагчид, сэтгүүлчид, сурган хүмүүжүүлэгчид гэх мэт олон мэргэжилтнүүдийг урин уг номоо бүтээжээ.

“Ирээдүйд төрөн гарч ирэх шинэ үеийнхэн уг бүтээлээс урам авч, цаашдын ажил хэрэгтээ Монгол улсыг авч явах гэж хөдөлмөрлөж яваа дээд үеийнхнийхээ ажил хэргийг үргэлжлүүлэх” зорилгоор уг номыг бичсэн талаараа тэрбээр дурдав.

“Залуучуудын улс төрийн оролцоо ирээдүйд нэмэгдэнэ. Уг өөрчлөлт нь иргэдээс, ялангуяа [Монголд] үлдэхээр шийдсэн хүмүүсээс, тэр байтугай Монгол Улсын талаарх гадны орнуудын ойлголтыг өөрчлөх гэж тэмцэж буй хүмүүсээс  бүрэн хамаарна.” 

“Эртнээс өвлөгдөн ирсэн өв соёл, тал нутгаа хайрлах сэтгэл та бүхэнд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ  бодит байдал ихээхэн хурдацтай шинэчлэгдэж байгаа энэхүү эрин үед залуучууддаа боломжийг нь нээж өгснөөр Монгол улс бусад орнуудаас хөгжлөөрөө тэргүүлэх, улмаар үлгэрлэх бүрэн бололцоотой юм.”

“Breathe Mongolia – Цэвэр агаар эвсэл” нь Монгол залуучуудад харагддаг олон шинж чанарууд, тэдний эрч хүч, урам зоригоор байгуулагдсан бөгөөд уг номонд уригдан оролцсонд талархал илэрхийлье. Өнөөгийн залуусын хэрсүү, зоримог дуу хоолойгоор өнөөдрийн Breathe Mongoliа-г төсөөлөшгүй билээ. Аливаад зөвхөн төрөөс эсвэл аль нэгэн ТББ арга хэмжээ авахыг хүлээж суухаас илүүтэйгээр агаарын бохирдлыг өөрсдөө шийдэж, боловсорсон мэргэжилтнүүд бүхий  баг бүрдүүлэн “watchdog organization” болох нь Breathe Mongolia-гийн гол зорилго юм. 

Зохиолч Обри Менардын болон олон монгол залуучуудын түүхүүд, тэр дундаа бид бүхний түүхүүд танд яалт ч үгүй урам зориг өгнө гэж найдаж байна. Та бидний хийж байгаа ажлыг дэмжиж байвал мөнгөн тусламж буюу хандив өргөх, бусад Монголоо гэсэн сэтгэлтэй найз нөхдүүддээ бид бүхний хийж буй ажлыг сурталчлах, эсвэл бидэнтэй нэгдэх замаар туслахыг уриалж байна.

Young Mongols: Forging Democracy in the Wild номыг Wild East (Penguin Random House SEA, 2020) паблишингаас гаргадаг бөгөөд өөрийн гэсэн хувиа youngmongols.com веб хуудсаар дамжуулан захиалах бүрэн боломжтой. 

 

Young Mongols болон зохиолч Aubrey Menard-ын тухай: Обри Менард нь Монгол улсад 2015-2016 оны хооронд Luce Scholar хөтөлбөрийн хүрээнд ажилласан бөгөөд Ази, Өмнөд Африк, Төв Америк, Америкийн Нэгдсэн Улсын ардчиллын өнөөгийн нөхцөл байдлын шинжээч хийдэг байна. 

Обри улс төрийн шинэчлэл, сонгууль, ардчиллын талаар судалгаа хийдэг бөгөөд New York Times, Washington Post, Al Jazeera, Politico, the South China Morning Post зэрэг томоохон хэвлэл мэдээллийн газруудад нийтлэл бичиж байжээ.

Обри Философийн магистрантын зэргээ Английн Оксфордийн Их Сургуульд дүүргэсэн бөгөөд баклаврын зэргээ Смит Колледжээс гардан авч байжээ. Тэрбээр мөн Critical Language Scholar хөтөлбөрийн Орос хэл судлаачаар,  Truman National Security хөтөлбөрийн оролцогч тус тус аж. Young Mongols түүний анхны ном билээ. Албан ёсны холбоос: aubreymenard.com.

 

Орчуулсан Базаррагчаагийн Ану

 

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >