Education, Environment, News, Pregnancy, Protect Yourself, Мэдээ

Агаарын бохирдлын эсрэг бид юу хийж чадах вэ? Cурагчдад зориулсан Breathe Mongolia байгууллагын сургалт

12 · 05 · 2022

Нийтлэлч: Jenny Han Simon | Орчуулсан: Б. Ану

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн 453 сурагчдад уг сургалтыг зохион байгуулж, явуулсан үндсэн хөдөлгөгч хүч нь Монгол дахь манай эрүүл мэндийн зөвлөх Д.Амаржаргал байлаа.

2022 оны хоёрдугаар сарын 22 Breathe Mongolia ТББ “Агаарын бохирдлын эсрэг бид юу хийж чадах вэ?” сэдэвтэй сургалтыг зохион байгууллаа. Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн хоёр, дөрөвдүгээр ангийн 453 бага ангийн сурагчид сургалтад хамрагдаж, агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдэж авсан юм. Энэхүү сургалт нь Монголын залуу үеийн төлөөлөл болсон бага ангийн хүүхдүүдийг хамруулж, агаарын бохирдлын хор хөнөөл, түүнээс хэрхэн өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, хүрээлэн буй орчиндоо өөрчлөлт авчрахад юу хийж болох талаар мэдлэг олгох зорилготой байв.

Сургалтыг зохион байгуулсан Breathe Mongolia-ийн эрүүл мэндийн зөвлөх Д.Амаржаргал хэлэхдээ “Сургалтын үеэр хүүхдүүд өөрсдийн амьдарч буй орчны аюултай нөхцлийг ойлгож, байнга амны хаалт зүүж амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэдгээ мэдэрсэн байх. Тиймээс энэ төсөл нь хүүхдүүдэд утаа гаргахгүй амьдрах сэдэл төрүүлж, байгальд ээлтэй хойч ирээдүйг бий болгоход бага ч атугай дөхөм болж чадсан байх” гэв.

Хүн амын дундаж нас АНУ-д 38, Өмнөд Солонгост 42, Хятадад 37, ОХУ-д 39 байхад Монголын хүн амын 65 хувь нь 34-өөс доош насныхан байна. Харин манай хүн амын дундаж нас 27.5 байгаа нь агаарын бохирдолтой тэмцэх гол үүргийг залуучууд гүйцэтгэх ёстойг харуулж байна.

Өвлийн турш нүүрс зэрэг хатуу түлшний утаагаар амьсгалдаг хүүхдүүд уушигны хатгалгаа байнга тусч, багтраа өвчтэй болохоос гадна хорт орчинд амьдарснаар тэдний сэтгэцийн эрүүл мэнд, тархины хөгжил, сурах чадварт нь сөргөөр нөлөөлөх эрсдэлд өртөж байна. Үндэсний статистикийн газраас 2018 онд нэг сая төрөлтөд 81 амьгүй төрсөн хүүхэд бүртгэгдсэн нь 2014 оныхоос 58 хувиар өссөн гэсэн нь түгшүүрийн харанга дэлдэнэ. Эхийн хэвлийд бойжиж буй ураг агаарын бохирдолд удаан өртөх тусам энэ тоо өсөх хандлагатай байна.

Агаарын бохирдол нь насанд хүрэгчдийн хувьд бухимдмаар, шийдэхэд төвөгтэй асуудал боловч залуус, хойч үеийнхэндээ илүү сайхан орчныг бүрдүүлж үлдээхийн тулд хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Д. Амаржаргал: “Хүүхдүүд сургалтад яригдсан бүх зүйлийг нэгд нэгэнгүй ойлгоогүй ч байж магадгүй. Гэхдээ агаарын бохирдлын талаар бид ч гэсэн бодох хэрэгтэй юм байна гэсэн сэдэл тэдэнд төрүүлэх нь л маш их ач холбогдолтой юм. Мөн энэ сургалтаар бага ангийн багш нарт ч гэсэн агаарын бохирдлын асуудлыг илүү сонирхолтой байдлаар хүргэж болох юм байна гэдгийг  ойлгуулсан байх. Breathe Mongolia-д цаашид ийм сургалт зохион байгуулах талаар хүсэлтүүд ирсээр байгаа бөгөөд, бид ижил төстэй сургалтуудыг зохион байгуулахад ийнхүү туршлагажсаар байна.” гэсэн юм.

Сургалтаас өөрсдийн ойлгосон зүйлийг зурж ирүүлэх тухай гар зургийн уралдааныг сурагчдын дунд зарласаны дагуу бидэнд 150 гаруй бүтээлийг ирүүлсэн билээ. Үүнээс агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт, энэ талаар өөрчлөлт авчрах хүсэл сонирхлоо хамгийн сайн харуулсан зургаан ялагчийг тодруулсан юм. Ялагчдыг хүүхдийн тоглоомын төвийн бэлгийн картаар шагнаж урамшуулав. Энэхүү арга хэмжээ нь Save Infants байгууллагын санхүүгийн тусламж, Healing Sam-с хандивласан маск  болон бусад хүмүүсийн хандив тусламж, дэмжлэгтэйгээр амжилттай  явагдаж дууслаа.

Breathe Mongolia цаашид ийм олон арга хэмжээг зохион байгуулах бөгөөд бид цахим хуудас, олон нийтийн сүлжээ болон өөрсдийн сонин дээрээ энэ талаарх бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх мэдээллийг үргэлжлүүлэн нийтэлсээр байх болно. Aгаарын бохирдлын талаарх чухал мэдээллийг авахыг хүсвэл биднийг дагаарай.

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >