Environment, Protect Yourself, Reduce Pollution, Мэдээ

Агаарын бохирдол таны арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ

10 · 04 · 2021

Нийтлэлийг бичсэн Дженни Хан Симон

Таны арьс цаг агаарын нөлөөлөл, хэт ягаан туяа, цацраг туяа гэх мэт зүйлүүдэд угийн эмзэг, мэдрэмтгий байдагийн дээр агаарын бохирдол хүний ​​эрүүл мэндэд хортой гэдгийг бүгд л мэддэг. Агаарын бохирдлын зүрх судас, амьсгалын систем, мэдрэлийн системд үзүүлэх нөлөөг нь хүмүүс гадарладаг ч арьсанд үзүүлэх нөлөөг нь тэр бүр мэддэггүй. Арьс бол хүний ​​биеийн хамгийн том эрхтэн бөгөөд гадны хорт бодисоос хамгаалах хамгийн анхны хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг. Агаарын бохирдол нь арьсны эмгэгүүд болох атопик дерматит, экзем, псориаз эсвэл батга, тэр ч байтугай арьсны хорт хавдартай холбоотой гэсэн судалгаанууд бий [1, 4, 5].

Агаар дахь хамгийн түгээмэл арьсыг бохирдуулагч бодисуудын тоонд тоосонцор (PM), дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs), исэл, полициклик үнэрт нүүрсустөрөгч (PAH) мѳн дээрээс нь таны мэдэх тамхины утаа ордог. Энэхүү нийтлэлд бохирдуулагч тус бүрийн талаар илүү нарийвчлан тайлбарлах болно. Үүний тулд эхлээд арьсны тухай суурь ойлголттой болж, агаарын бохирдуулагч бодисууд арьсыг хэрхэн гэмтээж болохыг ойлгох нь чухал юм.

Арьсны бүтцээ ойлгоё

Таны арьсны дээд талын хоёр үндсэн давхаргыг эпидермис ба дермис гэдэг. Эпидермис нь 4-5 тусдаа давхаргаас бүрддэг боловч энэ нь үндсэндээ гадны биетээс хамгаалах таны биеийн хамгийн анхны хамгаалалтын шугам болж өгдөг. Үүнд халдварт бичил биетүүдээс хамгаалах, бие махбодийн усны солилцоо явагдах үйл ажиллагааг зохицуулах зэрэг ордог ба физикийн нөлөөллийн эсрэг механик хаалт бас болж өгдөг (өөрөөр хэлбэл бие зүсэгдэхэд арьсны ачаар л хамгаална; эс тэгвээс ямар ч жижиг гэмтэл илүү  хүнд тусах болно).

Дермис нь эпидермисийн доор байрладаг бөгөөд үүнд үсний уутанцар, хөлсний булчирхай, тунгалагийн судас, тосны булчирхай, мэдрэлийн төгсгөл, судас байрладаг. Дермис нь коллагены тусламжтайгаар арьсыг дэмжиж, хамгаалдаг бөгөөд үрэвслийн хариу урвал үзүүлж халдвар, гэмтлээс урьдчилан сэргийлдэг. Коллаген нь таны арьсыг нэг газраа тогтоход тусалж, уян хатан байлгахаас гадна судасны үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй. Мөн дермис нь биеийн температурыг зохицуулахад оролцдог бөгөөд мэдрэлийн эсүүдээр дамжуулан аливаа зүйлсийг хүрэлцэн мэдрэх боломжийг бидэнд олгодог [1, 2, 3, 4, 5].

Агаарын бохирдол таны арьсанд хэрхэн нэвтэрдэг вэ

Агаар бохирдуулагч бодис, хэт ягаан туяа зэрэг нь таны арьсны гүнд нэвтэрч физик, биохимийн урвалд орсоноор таны арьсыг хөгшрүүлдэг. 

Агаар бохирдуулагч бодис арьсанд нэвтрэхдээ  трансэпидермисээр болон сүвээр дамждаг. Энэ хоёр зам эпидермисийн хамгийн дээд давхарга буюу  эвэрлэг давхаргаар дайрдаг. Трансепидермисийн тээвэрлэлтэд бохирдуулагч бодисууд нь эс хоорондын тээвэрлэлт буюу эвэрлэг давхрагаар (stratum corneum) эсвэл эсийн доторх зөөвөрлөлтөөр дамждаг. Сүвний тээвэрлэлт нь агаарыг бохирдуулагч бодисууд тосны булчирхайгаар эсвэл үсний уутанцраар дамжин нэвтэрдэг [3].

Цочроох хүчин зүйлтэй шууд хүрэлцэх нь таны арьсыг дархлааны хариу урвалд оруулдаг. Ингэснээр арьсны үрэвсэл явагдаж, арьс мэдрэгшин өвчилдөг. [4].

Агаарын бохирдол нь өнгөн талдаа арьсны үрэвслийн шинж тэмдэгийг үүсгэх боловч үнэн хэрэгтээ таны арьсны гүн лүү трансепидермаль ба  сүвээр дамжин нэвтэрч, илүү гүнзгий хор нѳлѳѳ үзүүлдэг байна.

Агаар бохирдуулагчдын хэлбэрүүд

Агаарыг бохирдуулагчдын төрөл, тэдгээрийн эх үүсвэрийг доорх хүснэгтээс харна уу.

Агаар бохирдуулагчийн анги/ангилал Нэршил Бохирдуулагчийн боломжит эх үүсвэрүүд
Хий Нүүрстөрөгчийн дутуу исэл Чулуужсан түлшний шаталт, тээврийн хэрэгслийн ялгаруулалт
Азотын давхар исэл Түлшний шаталт, мод шаталт, тээврийн хэрэгслийн ялгаруулсан хий, хог хаягдал шатаах
Озон дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs) ба азотын исэлийн (NOx) нэгдлүүдийн харилцан үйлчлэлийн  дүндхэт ягаан туяа идэвхжих 
Хүхэрлэг хий Түлшний шаталт, тээврийн хэрэгслийн ялгаруулсан хий, далайн тээвэр, цахилгаан хэрэгсэл, аж үйлдвэрийн байгууламж, галт уул
Хүнд металлууд Хар тугалга Металл боловсруулах үйлдвэрүүд, зайны үйлдвэрлэл, хог хаягдал шатаах, аж үйлдвэрийн байгууламж, хар тугалган түлш, хар тугалгад суурилсан будаг, сантехникийн материал
Кадми Зайны үйлдвэрлэл, нисэх онгоцны аж үйлдвэр, телевизийн үйлдвэрлэл
Никель Цутгах, гагнах, зай үйлдвэрлэх
Хүнцэл Зайны үйлдвэрлэл, ашигт малтмал
Тоосонцор Бүдүүн ширхэгт 

PM10 (2.5 – 10 μm)

Замын тоос, шороон зам, ойн түймэр, электрон хог хаягдал зэрэг хог хаягдал задрах, хоол хийх явц
Нарийн ширхэгт 

PM2.5 (<2.5 – 10 μm)

Чулуужсан түлшний шаталт, аж үйлдвэрийн байгууламж, далайн тээвэр, биомасс шатаах, хаягдал шатаах, хоол хийх
Хэт нарийн ширхэгт

PM 0.1 (<0.1  μm)

Тээврийн хэрэгслийн ялгаруулалт, аж үйлдвэрийн байгууламж
Байнгын органик нэгдлүүд Диоксин, диоксинтай төстэй полихлорт бифенил Гербицид, пестицид, үйлдвэрлэлийн процесс, ойн түймэр, галт уулын дэлбэрэлт
Полиаромат нүүрсустөрөгч (PAHs) Жишээ нь: аценнафилен, антрацен, хризен, фторантен, фтор, нафтален, фенантрен, пирен г.м. Биомасс, хог хаягдал зэрэг органик материалын бүрэн бус шаталт, тээврийн хэрэгслийн ялгаруулсан хий, асфальтан замаас гарах утаа, тамхины утаа, ойн түймэр, галт уулын дэлбэрэлт, шарсан болон шатаасан мах
Хагас дэгдэмхий органик нэгдлүүд (SVOCs) Жишээ нь: бутилжуулсан гидрокситолуол, диэтил фталат, геранил ацетон, никотин (чөлөөт суурь хэлбэрээр), парабенууд Уусгагч, үнэртэн, бактер устгагч, нянгийн эсрэг бодис, шал, тавилга
Дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs) Жишээ нь: ацетальдегид, диметилформамид, формальдегид, гексан, стирол, толуол, ксилол Түлшний шаталт, агаарын хөлгийн ялгаруулалт, гэр ахуйн бүтээгдэхүүн, химийн уусгагч, будаг, лак, тамхины утаа

 

Дээрх хүснэгтийг Araviiskaia E, Berardesca E, Bieber T, et al. (2019) “Агаарын бохирдлын арьсанд үзүүлэх нөлөө” (хүснэгт 1) [5] авсан болно.

Агаар бохирдуулагч бодисын арьсанд үзүүлэх нөлөө

Агаарын бохирдол нь таны арьсыг сүйтгэж, эрт хөгшрүүлж, батга болон арьсны элдэв үрэвсэлт өвчин, тэр ч байтугай арьсны хорт хавдар үүсгэдэг [1, 4, 5]. Жишээлбэл, тоосонцор (PM) нь арьсанд исэлдэлтийн стресс үүсгэдэгээрээ маш их хор хөнөөлтэй гэж үздэг. Исэлдэлтийн стресс нь арьсыг эсийн түвшинд гэмтээж, өөх тос, уураг, тэр байтугай ДНХ-ийн бүтцийг гэмтээхэд хүргэдэг [6]. Энэ нь арьсны хөгшрөлтийн шинж тэмдгүүд болох: толбо, ам хамрын нугалаас үрчлээг үүсгэдэг [1]. Хятадад хийсэн туршилтаар [7] хоол хийх түлш мѳн гэр доторх агаарын бохирдлын нөлөөлөлд дүн шинжилгээ хийжээ. Уг судалгаагаар хоол хийх түлшийг ашиглах нь нүүрний үрчлээ болон гарын ар тал дээрх үрчлээсийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна [5, 7].

Олон судалгаагаар агаар бохирдуулагч бодис ба батга, атопик дерматитын хоорондын хамаарлыг харуулжээ[5, 6]. PM, полицикл үнэрт нүүрсустөрөгч (PAHs) болон исэл зэрэг бохирдуулагч нь арьсны тослогжилтийг нэмэгдүүлэн (sebum), улмаар батга нэмэгдэхэд хүргэдэг. Зарим судалгаагаар агаарын бохирдол нь бидний генд удаан хугацааны туршид нөлөөлж, эпигенетикийн өөрчлөлтөнд ч хүргэж болзошгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл хүний ​​амьдралын туршид удаан хугацаагаар явагдах ДНХ-ийн өөрчлөлтийн улмаас бид атопик дерматитад илүү өртөмтгий болдог байна[ 7].

Түүнээс гадна, агаар бохирдуулагчид нь хэт ягаан туяаны цацраг болон бусад бохирдуулагчидтай харилцан үйлчлэлцэх замаар улам хор хөнөөлтэй болдог. Озон нь агаар мандал, стратосферт угаасаа байдаг боловч химийн үйлдвэрүүд, бензин шахуурга, автомашины дэлгүүрүүд болон бусад зүйлсээр дамжин нэмж бий болдог. Озон нь таны арьсан дахь Е, С витамин, антиоксидантуудыг устгаж, улмаар арьсны гаднах давхарга, коллаген зэрэг бүтцийг гэмтээхэд хүргэдэг. Энэ нь хөгшрөлтийг хурдасгаж улмаар арьсны хамгаалах үйл ажиллагааг бууруулдаг [1].

Агаарын бохирдол, түүний арьсанд үзүүлэх нөлөөний талаар ярихад арьсны хорт хавдрыг огт орхигдуулж болохгүй. Хавдар бол хуучин эсүүд үхэлгүй хавдрын эс болж хувиран, цааш хяналтгүй хуваагддаг өвчин юм. Агаар бохирдуулагчид нь эсийн түвшинд бие махбодид нөлөөлж, эсийн бүтэц, үйл ажиллагааг алдагдуулдаг. Энэ нь бүх төрлийн хорт хавдартай болох магадлалыг нэмэгдүүлдэг баына. [6]. Хэт ягаан туяа болон бусад агаар бохирдуулагч бодисонд хэр их ѳртѳж, хэр их ойрхон байхаас шалтгаалан тэдгээрийн хорт хавдар үүсгэх нөлөө нэмэгднэ. Полицикл үнэрт нүүрсустөрөгч (PAH) ба хорт хавдрын хоорондын хамаарал хамгийн их судлагдсан байна [1, 6]. Том хэмжээт тоосонцрууд тэр дундаа PM10 нь полицикл үнэрт нүүрсустөрөгч (PAH) зэрэг бусад жижиг бохирдуулагч бодисыг ѳѳрийн гадаргуу дээр наалдуулдаг[6]. Ийнхүү хүний бие эдгээр бохирдуулагчдын аль алинд нь өртөх эрсдэлтэй болж, өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс бүх бохирдуулагч бодисууд таны эсийн ДНХ-ийг гэмтээж, улмаар хорт хавдрын эсүүд үүсгэх магадлалтай гэсэн үг юм.

Агаарын бохирдлоос хэрхэн арьсаа  хамгаалах вэ

Агаар бохирдуулагчдын эрсдэл, хор хөнөөлийг багасгах эцсийн шийдэл нь мэдээж агаарын бохирдол үүсгэдэг эх үүсвэрийг зогсоох явдал билээ. Тиймээс агаарын бохирдлыг устгахын төлөө байнга тэмцэх хэрэгтэйн дээр өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хамгаалахын тулд та дараах хэдэн зүйлсийг хийж болно:

  • Агаарын бохирдолтой орчинд байхаа хязгаарлах
  • Агаар бохирдуулагч бодисоор амьсгалахгүйн тулд гадаа маск зүүж, дотор агаар шүүгч ашиглах
  • Исэлдэлтийн стрессийг бууруулж, түүнээс хамгаалах зорилгоор антиоксидант агуулсан эрүүл хоол хүнс идэх
  • Таны арьсыг хамгаалах, хөгшрөлтийн эсрэг тэмцэхэд тусалдаг С, Е витамин агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх
  • Арьсаа хэт ягаан туяанаас хамгаалахын тулд нарнаас хамгаалах тос хэрэглэх
  • Гадаргуу дээр тогтсон агаар бохирдуулагчийг арилгахын тулд нүүрээ тогтмол угааж хэвших 
  • Арьсаа тогтмол чийгшүүлж мѳн их хэмжээний ус ууснаар арьсныхаа дээд давхаргын бохирдлоос хамгаалах чадварыг нэмэгдүүлэх

Орчуулсан Мандухай Отгончимэг

Засварласан Амаржаргал Дагвадорж

 

Эх сурвалж

[1] Drakaki, E., Dessinioti, C., & Antoniou, C. V. (2014). Air pollution and the skin. Frontiers in Environmental Science, 2, 11.

[2] Brown TM, Krishnamurthy K. Histology, Dermis. (Updated 2020 Jul 3). In: StatPearls (Internet). Treasure Island (FL): StatPearls Publishing; 2020 Jan-. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK535346/

[3] Wu, C. C., Bao, L. J., Tao, S., & Zeng, E. Y. (2016). Dermal uptake from airborne organics as an important route of human exposure to e-waste combustion fumes. Environmental Science and Technology. 2016, 50, 6599−6605. DOI: 10.1021/acs.est.5b05952

[4] Kim, K. (2015). Influences of environmental chemicals on atopic dermatitis. Toxicological research, 31(2), 89-96.

[5] Araviiskaia E, Berardesca E, Bieber T, et al. (2019). The impact of airborne pollution on skin. J Eur Acad Dermatol Venereol. 2019;33(8):1496-1505. doi:10.1111/jdv.15583

[6] Dijkhoff, I. M., Drasler, B., Karakocak, B. B., Petri-Fink, A., Valacchi, G., Eeman, M., & Rothen-Rutishauser, B. (2020). Impact of airborne particulate matter on skin: a systematic review from epidemiology to in vitro studies. Particle and Fibre Toxicology, 17(1), 1-28.

[7] Li M, Vierkotter A, Schikowski T et al. (2015). Epidemiological evidence that indoor air pollution from cooking with solid fuels accelerates skin aging in Chinese women. J Dermatol Sci 2015; 79: 148–154.

 

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >