Environment, Health Impact, Smoking, Мэдээ

Аргал биш нүүрсний утаа боргилсон орон нутаг

Нийтлэлийг бичсэн: Sumiyabazar Ganbaatar
14 · 04 · 2022
Гэрэл зургийг: Орсоо Баярсайхан

Манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлоороо 2020 онд дэлхийд 4-т жагсав. Ихэнх хүмүүс үүнийг нийт хүн амын 45% нь Улаанбаатар хотод төвлөрсөнтэй холбож тайлбарладаг ч сүүлийн жилүүдэд бусад хүн амын төвлөрөл багатай хотуудад ч мөн адил агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хортой хэмжээнд хүрлээ. Жишээлбэл 32 мянга гаруй оршин суугчтай Баянхонгор аймгийн Баянхонгор хотын оршин суугчид жилд дунджаар 284 өдөр бохир агаараар, 81хэн өдөр хэвийн агаараар амьсгалдаг аж

Ялангуяа хүйтний улиралд буюу 10-3 сард нэг ч өдөр хэвийн агаараар амьсгалж чадахгүй байна.

Энэхүү хотын 2019 оноос хойших агаарын бохирдлын нөхцөл байдалтай танилцъя.

PM2.5 гэдэг нь диаметр нь 2.5 мкм (микрометр) буюу элсний ширхгээс 40 дахин жижиг хэмжээтэй хүний нүдэнд харагдахааргүй жижиг хэмжээтэй бичил тоосонцор юм. Энэхүү бохирдуулагч тоосонцор нь уушгиар дамжин цус руу орж бүх эд эрхтэнд үрэвсэл үүсгэж эрүүл мэндэд хамгийн сөргөөр нөлөөлдөг.

 

Тамхи татдаггүй ч хордсоор

Дээрх зургаас харахад зуны улирлаас бусад үед ихэвчлэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тогтоосон нарийн ширхэгт тоосонцрын хүлцэх хэмжээнээс их агаарын бохирдолтой байна. PM2.5 жижиг хэмжээтэй нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг авч үзвэл 2020 оноос 2021 онд гэхэд л жилийн дундаж хэмжээ нь 43.6 мкг/м³-аас  53.1 мкг/м³ хүртэл 21.8%-иар өссөн. Энэ нь ДЭМБ-ын хүлцэх хэмжээ буюу 15 мкг/м³-аас 3.5 дахин их хэмжээ юм.

Баянхонгор хотын хамгийн их бохирдлын түвшин болох 238.7 мкг/м³ нь өдөрт ойролцоогоор 11 ширхэг тамхи татсантай адил хор нөлөөтэй.

Жилд 2-хон сар л хэвийн агаараар амьсгалдаг

Эндээс харахад Баянхонгор хотын иргэд зөвхөн 7 болон 8 сард л хэвийн агаараар амьсгалж буй нь харагдаж байна. Баянхонгор аймгийн хэмжээнд агаарын бохирдлын 72% нь ахуйн орчинд хатуу түлш түлэх, 15% нам даралтын зуух, 12% нь уурын зуух ба 1% нь машин техник болон бусад эх үүсвэрүүдээс үүдэлтэй. 2020 оны байдлаар гэхэд Баянхонгор хотод 18 нам даралтын зуух ажиллаж байсан бөгөөд эдгээр зуухнууд нь ойролцоох сургууль, эмнэлэг, болон бусад засаг захиргааны байгууллагуудыг дулаанаар хангахад ашиглагддаг.

 

Гэрэл зургийг: Утаагүй Баянхонгор

Хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ?

Цаг бүрээр дундчилсан хэмжээг хүйтэн (11-3 сар) болон дулааны (5-9 сар) улирлуудаар харьцуулж үзвэл агаарын бохирдол нь хүйтний улиралд өглөөний 10 цагт болон оройн 8 цагт хамгийн их цэгтээ хүрдэг байна. Яг эдгээр цагуудад удаан хугацаагаар гадуур явахгүй байж, гадуур гарахдаа шүүлтүүртэй амны хаалт зүүж, гэр болон албан тасалгаандаа HEPA шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч ашиглах нь агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах чухал алхмууд юм.

Хүйтний улиралд хортой бохир агаарааp амьсгалснаар таны амьсгалын тогтолцооноос гадна, бүх эрхтэн тогтолцоонд үрэвсэл үүсч элдэв өвчний суурь болох, хууч өвчнийг даамжруулах эрсдэлтэй. Эрүүл мэндээ хамгаалах нэмэлт алхмуудыг энд дарж уншаарай.

Ингээд харахад зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй бусад хотуудад ч агаарын бохирдол нэн тулгамдсан асуудал болжээ. Хэрэв та өөрийн амьдарч буй газрын агаарын боxирдлыг шалгахыг хүсвэл энд дараарай.

Жич: Эдгээр дата мэдээллийг Сент Луис дахь Вашингтоны их сургууль болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн тусламжтайгаар байгуулагдсан агаарын бохирдлыг хэмжих төхөөрөмжөөс авсан. Мөн эдгээр дата мэдээлэл нь зөвхөн гадна орчны тоон үзүүлэлт бөгөөд та бүгд дотор орчны агаарын чанартаа анхаарахын тулд тамхи татахгүй байх, хурц үнэртэй будаг, химийн бодис, цэвэрлэгээний материал хэрэглэхээс зайлсхийгээрэй.

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >