Мэдээ

Монгол улсын агаарын бохирдлын асуудал: Монгол, Бангладеш, Нигери, Их Британи улсуудын харьцуулалт

06 · 03 · 2021

Read the piece in English here

Нийтлэлийг бичсэн Дженни Хан Симон ба Бриттани Анн Бонди

“Чимээгүй алуурчин” болох агаарын бохирдол нь дэлхий даяар эрчимтэй нэмэгдэж буй нас баралтын цаад шалтгаан болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тооцоолсноор гадаад орчны агаарын бохирдлын улмаас жилд 4.2 сая хүн, гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын улмаас нийтдээ жилд 7 сая орчим хүн амь насаа алддаг.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хүйтний улиралын турш дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болсоор удаж байна. Агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын (PM2.5 болон PM10) түвшин ДЭМБ-ын зөвлөмжид заасан хэмжээнээс байнга илүү гарч байна. РМ10 нь 10 бичил метрээс (10^-6 метр) жижиг хэмжээтэй нарийн ширхэгт тоосонцор бөгөөд хүний уушгинд нэвтэрч ордог. Энэ тоосонцрыг энгийн нүдээр харах боломжтой. Харин РМ2.5 нь 2.5 бичил метрээс (10^-6 метр) жижиг хэмжээтэй учраас цусны урсгалд нэвтэрч орох аюултай. PM2.5 болон PM10 тоосонцор нь хоёулаа хүний бие, эрхтэн тогтолцоонуудад ноцтой аюул учруулж, богино болон урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлдэг.

Хортой, бохирдолтой агаарын найрлагад голдуу PM2.5, РМ10 нарийн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн давхар исэл болон бусад бохирдуулагч нэгдлүүд байх ба агаарын бохирдлын цаад шалтгаан нь улс орон бүрд өөр өөр байна. Их Британи, Хятад, Энэтхэг зэрэг олон сая хүн амтай томоохон улсууд мөн агаарын бохирдлын асуудалтай байдаг хэдий ч Монголын агаарын бохирдлын асуудлыг хэдхэн том корпорац, үйлдвэрийн “эздэд” тохох боломжгүй юм.

Эсрэгээрээ Монгол дахь хорт утааны хамгийн том эх үүсвэр урт, хүйтэн өвлийг өнтэй давахын тулд түүхий нүүрс түлдгээс үүдэлтэй. -40 хэм хүйтэрдэг өвлийн улиралд гэр, байшингаа халаах хангалттай эрчим хүчийг нар, салхины сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах боломж хязгаарлагдмал, асуудалтай хэвээр. Хэрвээ амь гарахын тулд нүүрс түлсээр байгаа бол энэ асуудлын талаар юу хийх боломжтой бол? Өдийг хүртэл ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж ирсэн юм бол? Бид Монгол улсын агаарын бохирдлын нөхцөл байдлыг бусад улс орнуудын туршлагатай харьцуулан судалснаар дээрх асуултын хариуг олоход дөхнө хэмээн найдаж байна. 

Бангладеш улс

Бангладешийн агаарын бохирдлын голлох шалтгаан нь хуучирч хоцрогдсон тоосгоны үйлдвэрүүд ба замын түгжрэл. Шавран тоосго үйлдвэрлэхийн тулд түүхий нүүрс, мод шатааснаар үлэмж хэмжээний тоос шороо, РМ2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий зэрэг хорт нэгдлүүд агаар мандалд цацагддаг. Олон тооны шатаах зуухнууд нийт агаар бохирдуулагчдын 40 орчим хувийг дангаар бүрдүүлдэг боловч сая гаруй хүний орлогын үндсэн эх үүсвэр болдог. Иймд агаарын бохирдлыг бууруулах гэсэн хүчин чармайлт тус улсын нийгэм-эдийн засгийн өвөрмөц онцлогтой нөхцөл байдалд эмзгээр нөлөөлөх нь тодорхой.

Гэхдээ Бангладеш болон Монголын нөхцөл байдлын хооронд төстэй зүйлс бий. Аль аль нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улсуудын тоонд зүй ёсоор ордог. Улаанбаатар болон Дакка (Бангладеш улсын нийслэл) хотуудын хүн ам маш хурдацтай өсөж, хотод дэд бүтэц байгуулах багтаамжаас нь аль хэдийн хэтэрсэн. Үүнээс улбаалаад зам байнга түгжрэлтэй байдаг. Олон тооны тээврийн хэрэгсэл, сунжирсан урт түгжрээнээс үүдэн Бангладешийн нүүрстөрөгчийн давхар ислийн 15 орчим хувийг тээврийн хэрэгсэл ялгаруулдаг. Харин Монголд энэ үзүүлэлт 13 гаруй хувьтай. Хоёр улсад зам тээврийн хөдөлгөөнөөс үүдэн РМ2.5, азотлог исэл зэрэг бусад бохирдуулагч нэгдлүүд мөн агаарт ялгарч байна.

Тоосгыг байгальд ээлтэй, цэвэрхэн аргаар шатаах технологи нэвтрүүлэхэд өндөр зардал, урт удаан хугацаа шаардагдах хэдий ч төрийн болоод төрийн бус байгууллагууд Бангладешийн агаарын чанарыг сайжруулахын төлөө хичээн ажиллаж байна. Улс орныхоо агаарын чанарыг сайжруулна гэдэгт итгэлтэй байгаа удирдлагууд 2019 оны сүүлээс шатаах зуухнуудыг устгалд оруулж эхэлсэн. Гэсэн хэдий ч орлого багатай бүлгийнхэн тоосго үйлдвэрлэж амь зуудаг тул хэдэн мянган хүний ажлын байр бэлдэх шаардлагатай болсон. Тиймээс ямар ч арга хэмжээ авсан бай эмзэг бүлгийнхний хэрэгцээ шаардлагыг бодолцох нь хойшлуулшгүй хариуцлага юм.

Дэлхийн Банк Бангладешийн засгийн газартай хамтран 2009 онд Цэвэр Агаар, Тогтвортой Орчин (ЦАТО) хэмээх төсөл хэрэгжүүлж эхэлсэн. ЦАТО бол дэд бүтцийг шинэчлэн сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх замаар тоосгоны үйлдвэр, тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлыг бууруулах зорилготой, засгийн газрын санхүүжилттэй төсөл юм. Төслийн хүрээнд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хотууд дахь явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн салбарт хамаарах байгаль орчны тухай хууль тогтоомжийг чангатгахаар зорьж ажилладаг.

Нигер улс

Эрчим хүч үйлдвэрлэлт нь Монгол ба Нигер улсын агаарын бохирдолд мэдэгдэхүйц эх үүсвэр нь болдог хэдий ч Монгол улсын хувьд голчлон нүүрс шатааснаас агаар бохирдуулагч үүсдэг бол Нигер улсад транзит болон дотоодын эрчим хүчний хэрэглээнд  дизель түлш шатааснаас агаар бохирдуулагч үүсдэг. Дизель түлшээр ажилладаг генераторууд Нигерийн хүн амын 40%-ийг, нэн ялангуяа төвийн шугамд холбогдоогүй айл өрхүүдийг эрчим хүчээр хангадаг. Мөн нарийн боовны цехээс авахуулаад харилцаа холбооны компани хүртэл олон арван бизнесүүд энэхүү хорт хий ялгаруулдаг генераторын тусламжтайгаар үйл ажиллагаагаа эрхэлдэг. 

Харамсалтай нь энэ генератор байгаль орчинд маш их хор хөнөөлтэй эрчим хүчний эх үүсвэр билээ. Тээврийн хэрэгслийн дизель хөдөлгүүртэй мөн ялгаагүй эдгээр генераторууд үлэмж их хэмжээний хүлэмжийн хий, нарийн ширхэгт тоосонцор ялгаруулсны уршгаар ард иргэд дотоод болон гадаад орчны бохирдолд өртсөөр байна. Нигер улс одоогоор хүхрийн өндөр агууламжтай түлш импортлон оруулж ирдэг. Түүнээс ялгарсан хүхрийн давхар исэл амьсгал боогдуулах, цаашлаад зүрхний өвчлөлд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Замын нөхцөл муу, тээврийн хэрэгслийн насжилт хэтэрсэн зэрэг нь тээврийн хэрэгслээс үүдэлтэй орчны бохирдлыг улам даамжруулж байна. Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь хуучирч муудсан, дээр нь дизель хөдөлгүүртэйн зэрэгцээ ард иргэдэд илүү сайн тээврийн хэрэгсэл сонгох сонголт алга. Сая хүнд ердөө 1.3км зам ногддог Лагос хот дэлхийн мега хотууд дундаа хамгийн богино нийтийн тээврийн замтай хот юм. Дээрээс нь Нигерийн нийт хотын иргэдийн тоо 2050 он гэхэд 189 сая болж нэмэгдэх төлөвтэй байна. Ийм тохиолдолд одоо байгаа болон шинээр суурьших иргэдийг хангах илүү их автомашин, дэд бүтэц, барилга байгууламж Бангладеш болон Монгол улс аль алинд нь шаардагдана.

Үндэсний Үйл Ажиллагааны Төлөвлөлтийг Дэмжих Хөтөлбөр (ҮҮАТДХ) бол Нигерийн агаарын чанарыг сайжруулахад чиглэгдсэн олон санал санаачилгын зөвхөн нэг жишээ юм. ҮҮАТДХ-ийн хүрээнд хорт бодис ялгарлын эх үүсвэрийг тодорхойлж, болзошгүй хор хөнөөлийг бууруулах стратеги боловсруулснаар санхүүгийн болон хүчин чадлын зөрүүг багасгаж, улсын хэмжээнд цогц үндэсний хөтөлбөр боловсруулахад тус дэм болохыг зорьж байна. Уур Амьсгал ба Цэвэр Агаарын Эвслийн (УАЦАЭ) удирдаж буй энэхүү санаачилга нь Монгол, Бангладеш зэрэг дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Нигерийн Үндэсний Үйл Ажиллагааны Хөтөлбөр 2019 оны 5 сард батлагдсан бөгөөд түүнд нийтийн тээврийн хүртээмж, эрчим хүчний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх болон бусад санал санаачилга багтсан.

Их Британи

Англи, Монгол хоёрын ялгаа бол ерөөс нийгэм-эдийн засгийн онцлог. Английн нэг хүнд ногдох Үндэсний Нийт Орлого (ҮНО) 42,000 доллар бол Монголын нэг хүнд ногдох ҮНО 3,811 доллар орчим байна. Агаарын бохирдол хоёр улсын аль алинд хор хөнөөлтэй үзэгдэл хэвээр байгаа нь цэвэр агаарын төлөөх тэмцэлд хөгжингүй эсвэл хөгжиж буй орон эсэх нь хамаагүй гэдгийг харуулж байна. Агаарын бохирдол бол дэлхий дахинаа төрөл бүрийн улсад нүүрлээд буй аюул шүү.

Англид утаатай холбоотой хар бараан түүх бий. 1952 онд үйлдвэрийн агаарын бохирдлоос үүдэлтэй түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй явдлуудын нэг тохиосон нь Лондонгийн “Үхлийн утаа” байсан. Гэр ахуйн болон үйлдвэрийн зуух, түүхий нүүрс зэрэг нь хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр байв. Тухайн үед цаг агаар хүйтэрч салхины урсгал эсрэг циклонд орсноор хүхэрлэг хий газрын гадаргын түвшинд доошилж очсон. Таван өдөр үргэлжилсэн энэ хар бараан үйл явдлын богино болон урт хугацааны хор уршгаас болж 8000-12000 хүн амь насаа алдсан түүхтэй.

Өнөө цагийн Английн хотуудын агаарын бохирдол нь замын хөдөлгөөний хэт ачааллаас үүдэлтэй. Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл их байгаа нь агаар дахь азотын давхар ислийн гол эх үүсвэр болж байна. Азотын давхар исэлтэй орчинд удаан байснаар ханиалгах, амьсгаадах, уушги үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ба хүүхдүүд багтраа өвчтэй болох тохиолдол нэмэгддэг. Саяхан Британийн шүүх 9 настай Элла Кисси-Дебра охины үхлийн шалтгааныг агаарын бохирдол хэмээн албан ёсоор зарласнаар олон улсын анхааралд өртлөө. Хэдийгээр Дебра охин 2013 онд нас барсан боловч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 2020 онд л түүний үхлийн шалтгааныг агаарын бохирдол хэмээн оношилсон юм.

2019 онд Их Британийн Байгаль Орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам 2030 он гэхэд агаар бохирдуулагчдыг дорвитой бууруулах үндсэн зорилго бүхий Цэвэр Агаарын Стратегийг боловсруулсан. Уг стратегийн зорилтуудаас дурдвал агаарт хамгийн их хор хөнөөлтэй бохирдуулагч бодисуудын худалдааг зогсоох хууль батлах, агаарын бохирдолтой холбоотой орон нутгийн хяналт, байгаль орчны нөлөөллийг нэмэгдүүлэх, РМ2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламж ДЭМБ-ын хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан бүс нутагт амьдарч буй хүмүүсийн тоог 50%-иар бууруулах гэх мэт.

Монгол—Монголын агаарын бохирдлын асуудал юугаараа бусдаас онцгой вэ?

Монгол улсын агаарын бохирдлын асуудлыг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болно. Зарим хүчин зүйлс нь дээр дурдсан улс орнуудынхтай ижилхэн, зарим нь өөр. Энэ нарийн төвөгтэй асуудлыг ул суурьтай ойлгохын тулд Улаанбаатар хотын газарзүйн онцлогыг юуны түрүүнд авч үзэх ёстой. Агаарын бохирдолд нөлөөлж буй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ихэнх хөгжиж буй орнуудынхтай ижил байдаг бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын газарзүйн хувиршгүй онцлог бусад улсынхаас өөр сорилт, өөр шийдэл шаардана. 

Улаанбаатар хот нь дөрвөн уулсаар хүрээлэгдсэн хөндий дунд оршдог. Ихэнхдээ хотын ландшафт болон хүрээлэх дөрвөн уулс нь униарт мананд бүрхэгдээд тод харагддаггүй. Бүрхэх униар мананд агаар бохирдуулагч химийн элементүүдээс гадна температурын инверс нөлөөлдөг. Ерөнхийдөө нам дор газар агаарын температур илүү дулаахан, дээшлэх буюу агаар мандалд гарах тусам температур бууж, сэрүүсдэг. Харин хүйтэн агаарын давхарга нь дулаан агаарын давхарга доор түгжигдсэнээр температурын инверс үүсэж, хүйтэн агаар доторх бохирдуулагч бодисууд нь мөн адил гадаргын түвшинд гацдаг. Улаанбаатарыг хүрээлэх уулсаас хүйтэн агаар хот уруу нэвтрэхдээ дулаан агаарын давхаргын доод хэсэг уруу шилждэг. Энэ нь хотын эргэн тойрон дахь уулын нуруу болон цаг уурын бусад нөхцөл байдал нь агаар бохирдуулагч бодисыг саармагжуулдаг салхи, бороо, эсвэл цас орох үйл явцыг хаадаг гэсэн үг юм. Нэмж дурдахад нарны гэрэл эдгээр азотын оксид гэх мэт гадаргын түвшинд гацсан бохирдуулагчдын заримыг озоны хий болгон хувиргаж, улмаар хүний эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг үүсгэдэг.

Утаагүй болон утаатай өдрүүдийг харьцуулсан дүр зураг

Дээр дурдсан хүчин зүйлсээс гадна Монгол улсын нийт хүн амын 46% буюу 1.8 сая хүн Улаанбаатар хотод амьдардаг. Энэ 1.8 сая хүний 60 гаруй хувь нь Улаанбаатар дахь нүүрстөрөгчийн давхар исэл ялгарлын хамгийн том эх үүсвэр болох гэр хороололд аж төрж байна. Гэр хорооллын оршин суугчид дулаан өвөлжихийн тулд нүүрс түлж, өдөр шөнөгүй гэрээ халаадаг. Гэр ахуйн ийм уламжлалт галлагаа хотын агаарын бохирдлыг хортой түвшинд аваачдаг.

Гэр хорооллын оршин суугчид улсын хэмжээнд нийт дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 93%-ийг бүрдүүлдэг боловч улсын нийт эрчим хүчний 28 орчим хувийг л ашигладаг. Аж ахуйн нэгжүүдийн тоо болон тэдний эрчим хүчний хэрэглээний харьцаа харин тэнцвэргүй байна. Тооны хувьд аж ахуйн нэгжүүд нийт эрчим хүч хэрэглэгчдийн ердөө 7%-ийг эзэлдэг ч улсын дулааны эрчим хүчний 72%-ийг ашиглаж байна. Харамсалтай нь бизнесийн энэхүү хэрэглээ нь эдийн засгийн томоохон өсөлт авчрахгүй байна. Харин ч бүр Монгол улс сүүлд Дэлхийн Банкнаас гаргасан “дунд-өндөр орлоготой” ангиллаас “дунд-бага орлоготой” ангилал руу шилжсэн. Хяналт тавихад хэцүү, хөдөө орон нутагт хүнд даацын автомашинуудаар газар ухаж, тоос шороо бужигнуулах уул уурхай нь тус улсын агаарын бохирдлыг нэмэгдүүлж буй бас нэгэн салбар болжээ.

Жил ирэх тусам Монгол улсын цаг агаар огцом хүйтэрч, огцом дулаарч байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс эхтэй эрс тэс цаг агаарын нөхцөл хүн ард, ан амьтад болон төрөл бүрийн экосистемд сөргөөр нөлөөлж байна. Эрс тэс уур амьсгал агаарын бохирдлын асуудалд тодорхой хэмжээгээр нөлөөлөх болсон. Зун нь ган гачиг болж, өвөл нь тэсгэм хүйтэрснээс болж үүсдэг зуд турханд олон тооны мал өлдөж, бас хөлдөж үхдэг. Зөвхөн 2009-2010 оны зуднаар Монгол улсын нийт малын 22% нь үхэж үрэгдсэн байна.

“2010 оны зуднаар үхсэн малын зураг”. Эх сурвалж: UNDP Mongolia, CC BY-NC-ND 2.0 Монголын уур амьсгалын өөрчлөлтөд Хятад, Орос, Солонгос зэрэг томоохон улсуудын хүлэмжийн хийн ялгарал голчлон нөлөөлдөг. Өндөр хөгжилтэй улс орнуудын хүлэмжийн хий ялгарал ихэвчлэн аж үйлдвэрийн хөгжил болон түүний үйл ажиллагаа, олон улсын худалдаа, тээврээс үүдэлтэй байдаг. Тухайлбал АНУ-ын нэг хүнд ногдох нүүрстөрөгчийн ялгарал дэлхийд хамгийн өндөр хувьтай мөртлөө үр дагаврыг нь дэлхийн бусад улс орнууд амсаж байна. Монголд болдог зуд, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас олон арван малчид мал маллахаа больж, өөрсдийгөө, гэр бүлээ тэжээхийн тулд хот суурин газар бараадаж байна.

Монголын агаарын бохирдлын асуудал зарим талаараа дээр дурдсан Бангладеш, Нигери, Их Британийн кэйсүүдтэй төстэй. Дэлхийн хүн ам тэр чигтээ нарийн ширхэгт тоосонцор, азотын исэл, хүхрийн давхар исэл болон бусад хорт бодисоор амьсгалж, тэдгээрийн хор хөнөөл нь гамшгийн хэмжээнд хүрээд байна. Гэсэн хэдий ч тухайн улсад бохирдол бий болгож, түүнийг даамжруулж буй нөхцөл байдал нь зөвхөн тухайн газар нутагтаа хамаарах онцлогтой асуудал юм. Жишээлбэл эдгээр 4 улс бүгд автомашинаас ялгарах хорт утаанаас үүсэх агаарын бохирдолтой хэдий ч Монгол улсын хувьд автомашинаас ялгарах утаа нийт агаарын бохирдлын гэр хороололтой харьцуулахад харьцангуй бага хэсгийг эзэлдэг. Эсрэгээрээ Монгол болон Бангладеш дахь нийгэм эдийн засгийн хүнд байдлаас үүдэлтэй агаарын бохирдол Их Британи, Нигери улсуудад төдийлөн ажиглагдахгүй. Гэхдээ Монгол, Бангладеш хоёрын ялгаа гэвэл Монголд амь зуухын тулд түүхий нүүрс түлдэг бол Бангладешт эдийн засгийн зориулалтаар тоосго үйлдвэрлэдэг. Монголоос бусад гурван улсад Монгол улсын агаарын бохирдолд нөлөөлдөгтэй адилхан хүйтэн уур амьсгал, Улаанбаатарын газарзүйн өвөрмөц онцлог байхгүй.

Агаарын бохирдол нь нэг талт асуудал биш тул улс орнууд агаарын бохирдлын хүрээнд тулгарсан хямрал, олж авсан шийдлээ хуваалцах нь зүйтэй. Нэг улсад хэрэгжүүлсэн аргыг нөгөө улсад хэрэгжүүлэх боломжгүй байж болох ч бусдын туршлагаас суралцаж, хоорондоо хамтран ажилласнаар бүх улс оронд ашиг тустай байж болох бөгөөд ингэснээр бид бүгдээрээ цэвэр агаартай сайхан ирээдүйг бий болгоно.

Цаашдын чиг

Төлөвлөж буй нүүрсэн цахилгаан станц барих зэрэг цөөн хэдэн дэд бүтцийн төслүүд нь Монгол улсын агаарын чанарыг улам бүр доройтуулж болзошгүй юм. Newclimate.org институтийн хийсэн судалгаанаас үзэхэд Монгол улсад хэрэгжүүлэх нүүрсэн галлагаат цахилгаан станцын төслийн үр дүнд зуурдаар нас барагсдын тоо 2050 он гэхэд 1560 болно гэж үзжээ. Улаанбаатар хотоос 260 км-ийн зайд орших Шивээ Овоо дулааны цахилгаан станцын нөлөөгөөр зуурдаар нас барагсдын тоо дангаараа 640 хүрч мэдэхээр байна. Одоогоор  хүхэрлэг хийнээс болж Улаанбаатарын иргэдийн санааг зовоосон асуудал болжээ. Ард иргэд толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байна мөн агаар муухай үнэртэж байгаа талаар гомдоллож байна. Засгийн газрын судалгаагаар 2019-2020 оны хооронд хүхэрлэг хий 99%-иар өсжээ.

Агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдээс болоод Монголын агаарын чанарыг сайжруулах төсөл төлөвлөгөөнд саад учирч болох ч эерэг үр дүн авчрах бүрэн боломж байна. Монгол улсын засгийн газар сүүлийн 5 жилтэй харьцуулахад 2019-2020 оны өвөл Улаанбаатар хотын нарийн ширхэгт тоосонцрын түвшинг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулж чадсан гэж мэдэгдсэн. Засгийн газар 2019 оны 5 сард түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргаснаар ийнхүү үр дүнд хүрсэн хэдий ч одоо хэрэгжүүлж буй бодлогын үр дүн, агаарын бохирдолтой тэмцэхэд засгийн газраас гаргаж буй хүчин чармайлтыг бүрэн дүүрэн ойлгохын тулд бусад бохирдуулагч бодисын талаар бодит мэдээлэлд үндэслэсэн нэмэлт судалгаа хийх шаардлагатай байна.

Олон арван байгууллага Монголын агаарын чанарыг сайжруулахын төлөө ажиллаж байна. Хамгийн сүүлд Breathe Mongolia, НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад түнш байгууллагууд хамтран Агаар Нэг хэмээх хамтын ажиллагааны платформ боловсруулсан. Энэхүү вебсайт нь Монгол Улсад агаарын бохирдолтой тэмцэж буй байгууллагуудын санаачилгыг нийтэд нээлттэй цахим хэлбэрээр нийтлэх, мэдээ, материалууд хуваалцах, хоорондоо холбогдох хамтын ажиллагааны платформ юм. Олон янзын байгууллагуудад бие биенийхээ хэрэгжүүлж буй төсөл, ололт амжилтыг ойлгох боломжийг олгосноор Агаар Нэг нь тухайн байгууллагуудад агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх төслүүдийн хоорондох цоорхойг илүү сайн нөхөх, хүчин чармайлтаа сайжруулахад туслах болно.

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >