Policy, Мэдээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл цэвэр, эрүүл мөн тогтвортой хүрээлэн буй орчинд амьдрах эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

Нийтлэлийг бичсэн: Baljinnyam Ishgen
18 · 10 · 2021
Эх сурвалж: Mathias P.R. Reding

2021 оны 10 дугаар сарын 08-ний өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Дугаар 48/13 тогтоолоо баталлаa. Тус тогтоолоор цэвэр, эрүүл мөн тогтвортой хүрээлэн буй орчинд амьдрахыг (to have a clean, healthy and sustainable environment) анх удаа албан ёсоор “хүний эрх” хэмээн хүлээн зөвшөөрч НҮБ-ын гишүүн улс орнуудыг тус эрхийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг уриалсан байна. Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж багтаасан байдаг. 

Эрүүл орчинд амьдрах эрх нь 150 гаруй улсын хууль тогтоомжид олон янзын нэр томьёогоор хуульчлагдсан байдаг бөгөөд 2018 онд Тусгай илтгэгчийн хийсэн судалгааны үр дүнд уг эрхийг тусгайлан хүлээн зөвшөөрөх нь хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн сайн хууль тогтоомж батлахад нөлөө үзүүлэхээс гадна шүүх хүрээлэн буй орчинтой холбоотой маргаан шийдвэрлэхэд хэрэглэх зэрэгт үндэс суурь болж өгөхөөр байна. Үүнээс гадна иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад хүрээлэн буй орчинтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянахад хувь нэмэр оруулах боломжийг нээж өгөх юм. 

Хэдийгээр Дугаар 48/13 тогтоол нь заавал биелүүлэх шинжтэй эсэх нь маргаантай ч уг эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр гишүүн орнуудыг тус эрхийг хамгаалахад түлхэц өгөхөөс гадна цаг уурын өөрчлөлт, орчны бохирдол зэрэгтэй холбоотойгоор дорвитой арга хэмжээ аваагүй улс болон компаниудад хариуцлага тооцох суурийг бий болгож өгөх юм.

Цэвэр агаараар амьсгалах эрхийг НҮБ-с хараахан бие даасан эрх хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч тус эрх нь цэвэр, эрүүл мөн тогтвортой хүлээн буй орчинтой байх эрхийн салшгүй нэг хэсэг тул уг эрхийг хүлээн зөвшөөрснөөр агаарын бохирдлын улмаас хохирч буй мянга мянган хүмүүс өөрийн цэвэр агаараар амьсгалах эрхийг хамгаалахад нэг алхмаар дөхөм болсон гэж үзэж болох юм. 

Монгол Улсын хувьд тус эрхийг Үндсэн хуульдаа хүлээн зөвшөөрсөн байдаг ч иргэдийн эрүүл, цэвэр мөн тогтвортой хүрээлэн буй орчинд амьдрах эрх агаарын бохирдол, цөлжилт зэрэг шалтгааны улмаас зөрчигдсөөр байна. НҮБ-с албан ёсоор ийн хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хувьд тус эрхийг хамгаалах механизмийг илүү сайжруулахад түлхэц болж байна. 

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >