COVID-19, Health Impact, Mental Health, Protect Yourself, Smoking, Мэдээ

Тамхидалт болон тахлын аюултай огтлолцол

16 · 05 · 2021

Нийтлэлч Энхээгийн Бямбасүрэн

Никотин агуулагдсан тамхи татах нь эрүүл мэндэд олон эрсдэлийг дагуулдаг гэдгийг бид хэдийнээ мэднэ. Гэвч уушги гэмтээгч вирус тархсан тахлын энэ үеэр тамхи татах нь улам хүндээр өвчлөх магадлалыг бас нэмэгдүүлнэ. Нийтийг хамарсан тахлаас болоод олон хүн шинээр тамхи татаж эхлэх, эсвэл угийн тамхи татдаг байсан бол энэ зуршлаа лавшруулан,  өөрийгөө тайвшруулах арга болгон үргэлжлүүлж болох талтай. Энэ нийтлэлээр тамхи татахад гарах эрүүл мэндийн үр нөлөө, хүмүүс яагаад тамхи татдаг шалтгаан болон тамхи татахыг орлуулах, удаан хугацаанд үргэлжлүүлж чадахаар эерэг зуршлын талаар өгүүлэх болно. 

КОВИД-19 нь SARS-CoV-2 нэртэй шинэ коронавирусээр халдварласнаас үүсдэг амьсгалын замын өвчин гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тодорхойлжээ. Үрэвсэл нь хэр хүнд явцтай байгаа, хууч өвчтэй эсэх, мөн эмчилгээний үр дүнгээс хамаараад энэхүү өвчин нь уушгинд олон төрлийн хор нөлөө үзүүлдэг. КОВИД-19 нь хатгалгаа, амьсгалын цочмог хямрал (хатгалгаа хүндэвтэр хэлбэрт орвол уушгины дутагдалд орох), улмаар хүнд хэлбэртээ үжилд хүргэнэ. Хятадын КОВИД-19-тай 44,000 хүнийг хамруулсан судалгаанд оролцогчдын 81% нь хөнгөн болон дунд хэлбэрийн шинж тэмдэг (жишээ нь хөнгөн зэргийн хатгалгаа), 14% нь хүндэвтэр шинж тэмдэг, 5% нь хүнд шинж тэмдэг үзүүлсэн (үүнд амьсгалын замын дутагдал, шоконд орох, олон эрхтний дутагдал зэрэг орно). 

Орчны агаарын бохирдол болон тамхины утаанд өртвөл COVID-19-ийн хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Тамхи татах нь уушгийг үрэвсүүлдэг учраас хүний дархлааны систем суларч, коронавирус болон өөр бусад өвчинтэй тэмцэхэд илүү бэрхшээлтэй болгоно. 

Тамхи нь зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, хавдар, мөн чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тодорхойлжээ. Жишээ нь зүрх судасны өвчтэй хүн COVID-19-өөр өвчилбөл зүрхний шигдээс, зүрхний архаг дутагдалд орох эрсдэлтэй. Энэ нь зүрхэнд ачаалал нэмэгдэж, уушгины хатгалгаанаас үүдэлтэйгээр хүчилтөрөгчийн хэмжээ багасан, улмаар цус бүлэгнэдэгтэй холбоотой. Пенн Стейт Анагаах Ухааны Сургуулийн судлаачдын явуулсан нийт 25 судалгааг хамруулсан тойм буюу мета-анализ судалгаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа чихрийн шижин болон хавдартай КОВИД-19-ийн өвчтөнүүдийн нас баралт архаг хууч өвчингүй КОВИД-19-ийн өвчтөнүүдтэй харьцуулахад 1.5 дахин их байсан ба зүрх судасны өвчин, даралт ихсэлт, мөн зүрхний архаг дутагдалтай хүмүүст нас барах эрсдэл 2 дахин их, архаг бөөрний өвчтэй хүмүүст 3 дахин их байгаа нь тогтоогдсон.

Цаашлаад тамхи татах нь вирусийг тараах, түүнд өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлнэ. Ихэнхдээ хүмүүс тамхи татахдаа нүүрнийхээ багахан хэсгийг ил гаргах хэрэгтэй болдог. Мөн тамхи татахад зарцуулдаг 5 минутын хугацаандаа нүүрэндээ давталттайгаар хүрсээр байдаг. Энгийн болон электрон тамхины дам утаанд вирус тээгддэг эсэх нь одоогоор судлагдаж байна. 

Донтолт болон тайтгаруулалт

Хүмүүс олон шалтгаанаас болж тамхинд ордог. Харамсалтай нь тахлын улмаас хүндээр өвчлөх эсвэл амь насаа алдах эрсдэл нэмэгдэн, нийгмээс тусгаарлагдан, ирээдүйдээ итгэх итгэл багасах зэрэг нь тамхи татах сэдлийг илүү өдөөдөг байж болох юм. Тамхи болон уурын/электрон тамхинд агуулагддаг никотиныг амьсгалахад хүний биед допамин ялгарч, таатай мэдрэмж төрүүлдэг хэмээн АНУ-ын Уушгины Холбоо энэ талаар тайлбарлажээ. Энэ таатай мэдрэмж нь допамин ялгарч дуустал үргэлжлэх ба цаг хугацааны явцад хүний бие илүү ихээр никотин хэрэглэж байж анх татаж байсантайгаа адил хэмжээнд таашаал мэдэрдэг болох бөгөөд энэ нь цаашлаад донтолт болдог байна. 

Тамхинаас авсан таатай мэдрэмж нь бухимдлаас шууд ангижирсан мэт мэдрэгдэх боловч энэ нь удаан хугацааны шийдэл биш бөгөөд тахал тархсан энэ үед хүндээр өвчлөх болон амь насаа алдах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Хэрвээ та хэзээ ч тамхи татаж байгаагүй бол, эсвэл өмнө нь тамхинаас гарч чадсан боловч одоо дахиад үргэлжлүүлмээр санагдаж байгаа бол – битгий эхэл. Харин одоо тамхи татдаг бол хаях оролдлого гаргаарай. 

Тахлаас болоод таны өдөр тутмын амьдралын хэмнэлд өөрчлөлт орсон бол өдөр бүрийг эхлүүлэх 15-минутын дадалтай болохыг Жонс Хопкинс Сибли Дурсгалт Эмнэлгийн Интегратив Анагаах Ухааны төвийн дарга, Харприйт Гужрал зөвлөжээ. Дадал нь биеийн хөдөлгөөн хийх (жишээ нь йог, давтамжтай залбирал), бясалгал хийх, эсвэл амьсгалын дасгал хийх ч байж болно – энэ бүгд нь стресстэй тулахад тустай үйлдлүүд юм. Хамгийн анх удаа бясалгал юмуу йогийн дасгал хийх гэж байгаа бол ямар нэг зааварчилгааг дагавал нэмэртэй. Та өөртөө энэхүү жижиг дадлыг суулгаж чадвал таны бие амар тайван байх үедээ мэдэрдэг мэдрэмжийг олох болно. Монголын Үндэсний Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвийн бэлтгэсэн тайвшруулах амьсгалын дасгалыг хэрхэн хийх талаар үзүүлсэн богино видеог эндээс үзэж болно. 

Агаарын бохирдол ихтэй газарт амьдрах нь тамхи татсантай адил таны уушги болон амьсгалын системийг КОВИД-19-ийн хүнд өвчлөлд нэрвэгдэх магадлалыг нэмэгдүүлнэ. Нэн ялангуяа энэ нь хот газар амьдран, аюултай агаарын бохирдуулагч амьсгалдаг Монголчуудад  илүү хамааралтай. Өөрийгөө агаарын бохирдол болон КОВИД-19-өөс хамгаалахын тулд авч болох алхмуудын талаар  Брийт Монголиагийн Aнгли болон Mонгол хэл дээрх цахим хуудаснаас дэлгэрүүлэн уншаарай. 

Никотины хамаарал нь эрүүл мэндийн асуудал юм. Та тамхинаас гарах боломжоо сайжруулахын тулд эмчтэй зөвлөлдөөрэй. Америкийн Вермонтын Их Сургуулийн хийсэн судалгаанд  “тамхинаас гарахад нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол дахин дахин оролдлого хийх урам зоригоо сэргээн тордох” хэмээжээ. Монголд үнэгүй сэтгэл зүйн дэмжлэг авахын тулд Үндэсний Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвийн (+976) 1800-2000 утас руу бас холбогдох боломжтой. 

Мэдээлэл, эх сурвалж: 

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >