Protect Yourself, Мэдээ

Улаанбаатарын Өвлийг Давахад Туслах 5 Зөвлөмж

25 · 01 · 2021
Ulaanbaatar skyline in the winter with tall buildings and visible smoke
Эх сурвалж: Сэлэнгэ Дима

Нийтлэлийг бичсэн Дженни Хан Симон ба Б. Ану

Намар дуусаж, хахир хүйтэн өвөл эхэлжээ. Идэр есийн үеэр шөнөдөө -40 хэм хүрэх нийслэл хотод маань шинээр ирсэн жуулчид, түр хугацаагаар амьдарч буй иргэддээ зориулан Улаанбаатарын өвлийг давахад туслах бяцхан зөвлөмжийг хүргэж байна.  

1. Дулаан хувцаслах

Дулаан явбал мянган лан. Та өвлийн улиралд өөртөө анхаарч, дулаан хувцасласнаар өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, хүйтний улиралуудад зонхилдог ханиад, томуу зэрэг өвчнүүдээс өөрийгөө бүрэн сэргийлж чадна. Хэт дааралгүйгээр цаг агаарын мэдээнд тохируулан хувцаслаж, дархлаагаа аарц, аньсны шүүс зэрэг амин дэмт ундаагаар дэмжиж, өвлөө өнөтэй даваарай.

Зузаан куртка, өвлийн гуталгүйгээр Монголын өвлийг төсөөлөшгүй билээ. Та сонголтоо хийхдээ Улаанбаатарын өвөлд тохирсон, сайн чанарын хувцсаа зах болон бусад  дэлгүүрүүдээс авч болно.  Гар, хөл, чих болон нүүрээ хамгаалах зориулалтаар сайн чанарын ноос, ноолууран малгай, ороолт зэргийг худалдан авч өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Өвлийн улиралд гудамж талбайд хайлсан цас, шар усны мөс тогтдог тул гутал дотроо эсгий улавч авч хийх, хальтрах, гудамжинд гэмтэж бэртэх аюулаас сэргийлэх үүднээс каучук ултай гутал сонгох гэх мэтээр худалдан авалтаа хийхийг сануулж байна. Хэрвээ та өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлтэй, түүгээрээ өдөр тутам зорчдог бол түүндээ тохирсон, зориулалтын өвлийн дугуйг авч суурилуулаарай.

Дэлхий даяар шуугиж буй цар тахал Монгол улсын хэмжээнд ид дундаа хүрч байгаа энэ үед УОК-оос тогтоосон дэг журмыг чандлан сахиж, вирусийн тархалтыг багасгахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Ханиад томууны улирал, Ковид вирус, агаарын бохирдол гурав давхацсан энэ үед иргэд та бүхэн эрүүл мэнддээ маш сайтар анхаарч, эмч нарын зөвлөгөөг даган мөрдөхийг зөвлөж байна. Гараа ойр ойрхон ариутгах, олон нийтийн газар аль болох зорчихгүй байх, маск болон бээлий хэрэглэж дадах зэрэг үйлдлүүдээр та өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг хамгаалж буй үйлдэл юм шүү. Гэртээ орж ирснийхээ дараа гадуур өмсөж байсан хувцсаа сольж, тусгаарласан орчинд цэвэрлэж заншихаа мартуузай.

2. Агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах

Эх сурвалж: Сунико Базаргарид

Агаарын бохирдол идэр есийн үеэр аюулын хэмжээнд хүрдэг. Улаанбаатар хотын агаарын чанарын индекс дэлхийн стандарт болох 50-иас хэд дахин их гардаг нь сүүлийн жилүүдэд нийтлэг үзэгдэл болжээ. Агаарын чанарын индекс бидэнд тодорхой орон зайд оршин байгаа хорт хий, тоосонцрын хэмжээг зааж өгдөг учир амьдарч буй орчныхоо таны эрүүл мэндэд халтай эсэхийг мэдэхэд туслах багаж хэрэгсэл юм. Агаарын бохирдол ихссэнээр бие сул, өндөр настай, бага насны иргэдэд эрүүл мэндийн хувьд хамгийн их хохирол учирдаг. Иймд та өөрийгөө болон өөрийнхөө ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахад зохих арга хэмжээг аваарай.

Маскны төрлүүд олон бий. Эмнэлгийн орчинд өмсдөг N99 аль эсвэл коронавирусийн үеэр зүүж болох N95 маскаас эхлэн үнэ, чанарын хувьд өөр өөр сонголтууд зах зээл дээр зарагддаг. Монгол улсад үйлдвэрлэсэн маскнууд ихэнхдээ долоо хоног хүртэл ашиглагдах заалттай байдаг бөгөөд худалдан авагчдын ихэнхи хувь нь барилгачид, наймаачид байдаг байна. 

Үүнээс гадна полиэфирийн мяндсaн болон даавуун материал бүхий маскийг эмийн сангуудаар худалдаалдаг ч агаарын бохирдлын эсрэг та болон таны гэр бүлийг хамгаалахгүй гэдгийг санаарай. Маскнуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг уг веб хуудаснаас авна уу. 

Гадаад орчны агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах гол арга зам бол орон гэрээ сайтар дулаалах юм. Чанартай дулаалга хийснээр таны гэртээ авч суурилуулсан агаар цэвэршүүлэгч тань гэрт буй агаарыг сайн шүүх боломжтой юм.

Та хэрэв хуучин орон сууцад амьдардаг бол дулаалгаа чанд сайн хийж, агаарын солилцоо бүхий нүх, цонх, хаалгануудаа сайтар дулаалаарай. Вирусын халдвар тархсан энэ үед хүргэлтийн үйлчилгээг сонгон, дулаалгын материалыг онлайнаар ч худалдан авч, гэртээ хүргүүлэх бүрэн боломжтой. 

Дулаалгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

3. Хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг гаргах 

Гэр бүлийн тань гишүүний бие гэнэт муудвал яах вэ?

Хэрэв таны ойр дотны хүмүүс дунд бие тааруу, архаг хууч өвчтэй хүмүүс  байдаг бол анхан шатны тусламжийн хайрцаг, хүчилтөрөгчийн баллон зэрэг түргэн дуудах зуур үзүүлж болох анхан шатны тусламжийн хэрэгслүүдээ базаавал сайн. Ахуйн орчинд ашиглаж болох зөөврийн агаарын бохирдлыг хэмжих багаж төхөөрөмж худалдан авч, гэрт тань хамгийн ойр өрхийн эмч, эмнэлгийн газруудын жагсаалтыг гаргаарай. Бэлтгэлээ базаахад тань туслах хэдэн зүйлс:  

  • Манай сайтaac агаарын чанарыг шалгах бүрэн боломжтой. Өөрийнхөө гэртэй хамгийн ойр цэгээ сонгоод, өдөр бүр веб хуудсаар баталгаат мэдээллээ авч заншаарай.
  • Маск, агаар шүүгч фильтер авах газрууд:
    • Супермаркетууд, хайпермаркетууд, цахилгаан барааны дэлгүүрүүд: BSB, eMart, PCMall, Номин.
    • Амазон”-оос захин авчрах
    • Эмийн сангууд
  • Өрхийн эмчийнхээ аль эсвэл гадаад иргэд бол консулын газартайгаа холбогдож санал болгож буй эмнэлгийн яаралтай тусламжийн дугаарыг нөөцлөх. Хэрэв та гадаад улсын иргэншилтэй бол консулын газартаа хандан тэдний зөвлөсөн эмнэлэгтэй холбогдох. (Intermed, SOS Medica)
  • Үүнээс гадна энэ их түгшүүр, айдас нүүрлэсэн үед та өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндэд сайтар анхаараарай. Ядарч туйлдах, стресстэх гэх мэт шинж тэмдгүүд илэрвэл дараах холбоосуудаар тусламж авна уу. 

Сэтгэл зүйн тусламж авч болох газрууд:

  • ЭНД дарж СЭМҮТ-ийн веб хуудас руу холбогдоно уу 
  • Монгол хэл дээрх сэтгэцийн яаралтай тусламжийн дугаар: 1800200 

4. Эрүүл мэнддээ анхаарах

Агаарын бохирдол, эрүүл мэнд болон бусад зүйлсээс хамааран таны биеийн байдал хэрхэн өөрчлөгдөхийг анзаарах хэрэгтэй. Иймд гэртээ цусны даралт хэмжигч, архаг хууч өвчтэй бол өрхийн эмнэлэгтээ хандан хяналтад орохыг хүсэх зэргээр болж болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалаарай. Хэрэв танай гэрт өндөр настан, аль эсвэл хүчилтөрөгчийн дутагдалтай багачууд байгаа бол хүчилтөрөгчийн баллон, түүнийгээ ажиллуулах анхан шатны мэдлэг танд хэрэг болж магадгүй. Агаарын бохирдол хүний сэтгэцийн эрүүл мэндэд ч асар муу юм шүү. 

Сэтгэцийн эрүүл мэнд Монголчуудын дунд одоог хүртэл хаалттай сэдэв учир хаа тааралдсан хүнээсээ тусламж авах нь хэцүү. Иймд мэргэжлийн байгууллага болох “СЭМҮТ”-тэй холбогдох-ыг зөвлөж байна. Яаралтай тусламжийн дугаар: 1800200. (Үнэгүй)

Цар тахлын үеэр агаарын бохирдлоос гадна вирусийн халдварын шинж тэмдэг илэрч болохыг уншигч танд ахин сануулъя. Та биеийн халуун, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээгээ сайтар шалгаж байгаарай. Хэт ядрах, бие сульдах нь коронавирусийн шинж тэмдгүүд мөн бөгөөд ханиад томуу бүхий шинж тэмдэг хавсарч илрэх тохиолдолд анхан шатны эрүүл мэндийн байгууллагад шууд хандахыг зөвлөж байна. 

5. Агаарын бохирдлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг цаг тухайд нь аваx

Агаарын бохирдлын талаарх мэдээ нь анагаах ухаан, уур амьсгалын шинжлэх ухаан, агаар мандал судлал, хор судлал, байгаль орчны судлал, хот төлөвлөлт зэргийг хамарсан өргөн цар хүрээтэй, нарийн асуудал юм. Иймд агаарын бохирдлын дүн мэдээг өөр өөр мэргэжлийн судлаач нарын тооцоолон гаргасан, баталгаатайгаар цаг тухайд нь авч, маскаа зөв өмсөж хэрэглэхийг зөвлөж байна.  

Та чөлөөт зав цагаараа хууль сахигчид, эрх баригчдын агаарын бохирдлын талаарх шийдвэрүүдийг сонирхож, бусадтай хуваалцсанаар өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаад барахгүй ирээдүй хойч үедээ хэрэг болох чухал шийдвэрүүдэд бага ч гэсэн нөлөөлөx юм шүү. Хэрвээ та агаарын чанарын талаарх мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл манай веб хуудсаар зочлоорой.

Breathe Mongolia веб хуудаст бид өдөр бүр агаарын чанарын талаарх мэдээлэл оруулдаг бөгөөд үүнээс гадна танд хэрэгтэй агаарын чанарын асуудлын талаарх хэлэлцүүлгүүд, баримт бичгүүд, өдөр тутамдаа хэргэжүүлж болох мэдээллийг баримттай нь цаг тухайд нь оруулдаг болохыг сануулж байна. 

Бидэнтэй дараах холбоосуудаар хамт байгаарай:   

Twitter | Facebook | LinkedIn | Албан ёсны веб хуудас

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >