COVID-19, Protect Yourself, Мэдээ

Цахим цагаан сар: Цар тахлын үеэр Цагаан сараа тэмдэглэх 5 зөвлөмж

08 · 02 · 2021
Эх сурвалж: Сэлэнгэ Дима

Нийтлэлийг бичсэн Ану Базаррагчаа

Монгол улс, Улаанбаатар хотКовид 19-ийн тархалттайгаар холбогдуулан Ерөнхийлөгчийн ээлжит бус хуралдаанаар аливаа баяр наадам, ёслолыг олон нийтээрээ тэмдэглэхийг хоригложээ. Хавар ойртон, Цагаан сар дөхсөн энэ үед Коронавирусийн тархалт эрчимжиж, хориг цээрүүд ар араасаа гарсаар байгаа тул та өөрийн болон өрөөлийн биеийг бодон гэрээсээ “Цахим Цагаан cар”-ыг тэмдэглэхийг уриалж байна.  

Олон нийтээр тэмдэглэдэг уг ёс заншлыг энэ жил ахиад цээрлэсэн мэдээг цахим ертөнц дэх хэрэглэгчид эерэгээр хүлээж авсан ч зарим иргэд бухимдалтай байлаа. Цагаан сарын баяр нь хүүхэд багачуудад хамгийн гоё баяр мэт байдаг ч бидний эцэг эх, өвөө эмээ, буурлууд маань жил гаруйн хугацаанд жиндүү өвлийг үдэх сар шинийн баяраа багачуулаас илүү хүлээн суудаг билээ. Иймд хөгшдөө баярлуулж, багачуулаа уйдаахгүйн тулд коронавирусийн эрин үед зон ард түмнээ цахим орчинг ашиглан хот сууриндаа шинэлэхэд туслах хэд хэдэн зөвлөмжүүдийг хүргэе.

1. Цагаан сарын ширээгээ цомхон байлгах

Эх сурвалж: Altaa’s kitchen

Элбэг дэлбэг шинэ оноо угтах нь Монгол хүний ёсон билээ. Ирэх жилдээ өнөтэй орох гэж сар шинийн ширээгээ нүсэр засдаг тал бий. Гэхдээ айлд зочлох хориотой энэ үед хэрэггүй их хоол бэлдээд яах билээ?

Битүүний идлэг, цайллагаа багасгах, сар шинийн идээ ундаагаа айлд өгөх зэргээр та энэ жилийнхээ цагаан сарын зардлыг багасгаад барахгүй хоол гаргаж хаяхгүйгээр баяраа тэмдэглэж болох юм. Хөлдөөж бэлдсэн буузаа ирэх хавартаа идэхээр базаагаад, муудаж болох хоол хүнсээ аюулгүй байдлыг хангасны эцэст хэсэгчлэн хөрш айлууддаа өгөх, бусдад хандивлах зэргээр аргалж болно. 

Хоол хүнсээ хөлдөөхдөө эрүүл ахуйн стандартад нийцсэн аргаар хөлдөөж, утаагүй, хуурай нөхцөлд сар шинийн бууз баншаа хөлдөөгөөрэй. Цельсийн 1.7 хэмээс дооших орчинд хоол хүнс бүрэн хөлддөг тул аливаа хөгц, бохир хоолонд тань наалдахаас сэргийлж, цэвэр орчинд хүнсээ хөлдөөгөөд, уутанд хийж, зориулалтын хөргүүртээ хадгалаарай. 

Сар шинийн баярын үеэр гэр бүлийнхэнтэйгээ золгохыг хатуу цээрлэж байгаа бөгөөд ирэх жилийн цагаан сар хүртэл олон нийтээрээ гам барьснаар уг эмгэгийн тархалтыг эрс багасгах бүрэн боломжтой юм. Иймд өөрийн болон өрөөлийн эрүүл мэндийн төлөө ЭМЯ-аас гаргасан зөвлөмжүүдийг чанд мөрдөж, Битүүн, Шинийн нэгэнд хоол ундаа тохируулж хоолны хордлого гэх мэт хоол боловсруулах эрхтний өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. Цар тахлын үеэр эмнэлэг явах шалтгаангүй байсан нь өлзийтэй.

2. Золгох уу? Байх уу?

Дэлхий нийтээрээ айж буй вирусийн тархалтыг таслан зогсооход бидний хийж болох цогц алхмуудын нэг бол хуучны золгох ёсоо цахимаар хийх юм.  Zoom болон Google Meet зэрэг аппликейшнүүдээр гэрийнхэнтэйгээ холбогдож, амар мэндээ мэдэх нь хот доторх болон хот хоорондын түгжээг багасгахад таны хийж болох хамгийн зохистой зүйл юм. Уг хоёр аппликейшны гол онцлог нь хамгийн ихдээ 100 хүнийг нэг удаагийн дуудлагад урих боломжтой бөгөөд заавал Zoom ба Google Meet гэлгүйгээр Фейсбүүк, Инстаграм, Skype, Face time зэрэг бусад үйлчилгээнүүдийг үнэгүйгээр утсандаа суурилуулан ойр дотныхонтойгоо Цахим Золголт хийж болох юм. Цахим уулзалтаа ганц, хоёр өдрийн өмнө төлөвлөж заншсанаар хүн бүр танай цахим золголтоос хоцрохгүй байх болно. Буурай нарт маань орчин үеийн технологи ярвигтай санагдвал заавал цахим уулзалт хийлгүйгээр амар мэндээ утасны дуудлагаар хийх бүрэн боломжтой гэдгийг бүү мартаарай. 

3. Цагаан сараар ёс заншлаа уламжлуулах

Эх сурвалж: urgiinbichig.mn

Цагаан сарын баяраар саахалт айлдаа зочлон золгох боломжгүй энэ үед цагаан сарын уламжлалт ёсуудаа сэргээн унших, хүүхдүүддээ учир холбогдлыг тайлбарлаж өгөх томоохон аз завшаан тохиож байна.  Шагай харвахаас эхлээд амар мэнд мэдэх ёс, шинийн нэгэнд цээрлэх ёс зэргийг багачуулдаа цаг гарган зааж өгөөрэй. Телевизээр аль эсвэл интернетээс дараах эх сурвалжуудаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг авна уу. 

Horseback Mongolia сайт дээр Англи хэлээр, news.mn сайт дээр Монгол хэлээр цагаан сарын зан заншлын дэлгэрэнгүй мэдээллүүд бий. 

Сар шинээр удам судрынхаа модыг үр хойчдоо тайлбарлан өгөх, овог, овгийн нэршлээ заах нь хүүхдүүдэд тань маш чухал боловсрол юм шүү. Ургийн бичиг хөтлөх талаар дэлгэрэнгүй мэдээллийг legalinfo.mn сайтаас авна уу.

4. Гэр бүлээрээ кино үзээрэй

“Сэрэлт” (1957) киноны хэсэг.

 Кино театрууд хаачихсан энэ үед гэр бүлээрээ хуучин алтан үеийн кинонуудыг таалархан үзэж, дээр үеийн соёл, өвөө багачуулдаа таниулах аз завшаан юм. Гэртээ буузаа жигнэж, цайгаа сүлэх хойгуураа хуучны сор болсон бүтээлүүдийг ухрааж үзэх, кино сайтуудаас албан ёсны зөвшөөрөлтэйгөөр татаж үзээрэй. 

Олонд танигдсан алтан фондын гэгдэх “Тунгалаг Тамир”, “Зэрэг Нэмэхийн Өмнө”, “Сэрэлт”, “Ардын элч”, аль эсвэл Монголын кино салбарын хамгийн амжилттай кино болох “Мандухай Сэцэн Хатан”-г Breathe Mongolia-гийн зүгээс санал болгож байна.

5. Хот xоорондын тээврээс татгалзах

Хот хоорондын хөдөлгөөнийг хааж, олон нийтийн тээврийг зайлшгүй ажиллах шаардлагатай иргэдэд олгож байгаа энэ үед та бүхэндээ хот хоорондын тээврээс татгалзахыг зөвлөж байна. Хотоос гадагш зорчихын тулд тусгай зөвшөөрөл болон PCR шинжилгээ хийлгэх шаардлага гарч магадгүй. Та хэрвээ зайлшгүй зорчих шаардлагатай бол цагаан сар хаяанд ойртсон энэ үед төрийн харьяаны байгууллагууд амардаг үеэр таарах гэмтэй учир жирийн үеэс илүү удах буюу тодорхой хугацааны дараа гарч магадгүй. Яаралтай шалтгаанаар зорчих тохиолдолд UNICEF Mongolia-гийн зөвлөмжийг чандлан мөрдөхийг бид танд зөвлөж байна.  

Шинэчлэл (2021/02/05): ЭМЯ-наас гаргасан хатуу хөл хорионы үеэр иргэд хэрхэн өөрсдийгөө хамгаалж болох инфографиктай уншиж танилцана уу.

Breathe Mongolia-гийн зүгээс та бүхэнд сар шинийн мэндийг дэвшүүлж байна. 

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >