Protect Yourself, Reduce Pollution, Мэдээ

2021 онд цахилгаан эх үүсвэрт холбогдох 89 мянга гаруй өрхүүдэд танайх багтсан уу?

08 · 03 · 2021

Нийтлэлч Сайнбаярын Оюун-Эрдэнэ (Оку)

Монголын агаарын чанарыг харуулдаг, Англи Монгол хос хэл дээр хийгдсэн, хэрэглэхэд хамгийн ойлгомжтой, хялбар газрын зураг манай вебсайтны нүүр хуудсан дээр байдгийг та мэдэх байх. Манай үүсгэн байгуулагч мөн ахлах инженер Г. Уянга болон дизайнер П. Тэргэл нар 2020 оны сүүлээр шаргуу ажилласны үр дүнд 2021 оны 1 дүгээр сарын 8-нд газрын зураг дээрээ шинээр агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг харуулсан интерактив давхарга нэмж оруулсныг дуулгаж байгаадаа бид маш их баяртай байна!

Ингэснээр та манай газрын зураг дээрээс агаарын чанарыг шалгангаа өөрийн оршин суугаа хороо тань аль “агаарын чанарыг сайжруулах бүс”-д харьяалагддагийг харах боломжтой болсон юм.

Таны суугаа хороо ба Брийт Монголиагийн газрын зураг

Манай газрын зургийг хэрхэн ашиглахыг тайлбарлая:

 

Та манай газрын зургийг өдөр болгон ашиглаж, агаарын чанар шалгахыг өөрийн зуршил болгоорой. Бид агаарын чанар хэмжигч шинээр нэмж суурилуулахаар ажиллаж байна. Хэрвээ та өөрийн хэмжигчийн датаг манай газрын зураг дээр гаргамаар байвал бидэнтэй холбогдоорой. hello@breathemongolia.org хаяг уруу хүсэлтээ и-мэйлээр илгээгээрэй.

Агаарын чанарыг сайжруулах бүс ба таны оршин суугаа хороо

Агаарын тухай хууль“-д aгаарын бохирдлыг бууруулах зорилгоор тусгай дэглэм тогтоож, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байх хилийн зааг бүхий нутаг дэвсгэрийг “агаарын чанарыг сайжруулах бүс” хэмээн тодорхойлсон байдаг. Үүний дагуу 2020 оны 10-р сард УБ хотын газар нутгийг дараах дөрвөн бүсэд хуваасан байна.

1-р бүс: Сайжруулсан хатуу түлш хэрэглэх бүс (түүхий нүүрс түлэхийг хориглосон байгаа)

2 болон 3-р бүс: Цахилгаан болон бусад эх үүсвэрээр үе шаттайгаар холбох бүс (хатуу түлш түлж байгаа)

4-р бүс: Бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох бүс

0-р бүс: Батлагдаагүй бүс буюу Түүхий нүүрсийг үе шаттайгаар хориглох бүс

Эдгээр батлагдсан бүсэд УБ хотын

  • Сонгинохайрхан дүүргийн 43 хороод,
  • Баянзүрх дүүргийн 28 хороод,
  • Чингэлтэй дүүргийн 19 хороод,
  • Сүхбаатар дүүргийн 20 хороод,
  • Баянгол дүүргийн 23 хороод,
  • Хан-Уул дүүргийн 21 хороод багтсан ба нийт 392468 өрхийг хамарна.

Энэхүү журам батлагдахаас өмнө 2020 оны 6 сард журам гаргах төслийн саналд Налайх дүүргийн нийт найман хороог “1-р бүс: Түүхий нүүрсийг үе шаттайгаар хориглох бүс (одоогоор түүхий нүүрс түлж байгаа)” гэж оруулсан боловч 2020 оны 10 сард журмаа батлахдаа Налайх дүүргийг агаарын чанар сайжруулах бүсийн жагсаалтад оруулаагүй байна. Тиймээс бид газрын зураг дээрээ Налайх дүүргийг батлагдаагүй бүс (бүс 0) гэж тэмдэглэсэн байгаа. Налайх дүүргийг журманд батлан оруулсан байсан бол Налайх дүүргийн 10248 (2019 оны тоо) өрх, батлагдсан бүсэд буй (2020 онд) 392468 өрх буюу нийтдээ 402716 өрх агаарын чанар сайжруулах бүсэд хамрагдах байжээ.

Улаанбаатар хотын нийт өрхийн 67% гаруй хувь нь Бүс 0,1,2 болон 3-т харьяалагдах бөгөөд хатуу түлш хэрэглэсэн хэвээрээ. Эдгээр өрх нь цахилгаан болон бусад эх үүсвэрт холбогдсон ч халаалтаа 100% цахилгаанаар шийдэж амжаагүй байх магадлалтайг харж болно.

Бүс 0-д харьяалагдах өрх ямар түүхий нүүрс түлэхийг хориглосон хориг байхгүй байгаа ба хэзээ цахилгаан эх үүсвэрт холбогдох нь тодорхойгүй байна.

Бүс 1-д харьяалагдах 171482 өрх буюу УБ хотын 42.6% нь сайжруулсан түлш хэрэглэсээр байх төлөвлөгөөтэй байна.

Бүс 2 болон 3-т харьяалагдаж буй Улаанбаатар хотын нийт өрхийн 22.2% буюу 89427 өрхүүдийг 2021 oнд цахилгаан эх үүсвэрт холбохоор төлөвлөгөөнд тусгагдсан байна. Тиймээс та газрын зургаа шалган амьдардаг бүсээ тодорхойлон, өөрсдийн оршин суудаг хороо, дүүргийн захиргаа, эрчим хүчний албанд хандан хэзээ цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажлыг хийх вэ гэж асууж лавлаарай.

Бүс 4-т харьяалагдах 131559 өрх буюу УБ хотын 32.7% нь бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох бүсэд амьдарч байгаа тул энэ бүсэд хатуу түлш түлж байвал хороо, дүүргийн захиргаанд хандан зогсоох арга хэмжээ аваарай. Ингэснээр та өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахад гар бие оролцох юм.

Батлагдсан журам дараах долоон хэсгээс бүрдэнэ:

  1. Нийтлэг Үндэслэл
  2. Иргэн, аж ахуй нэгж, байгууллага, орон тооны бус ажилтны эрх, үүрэг
  3. Нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох
  4. Хориглох үйл ажиллагаа
  5. Хяналт тавих
  6. Тайлан мэдээ
  7. Хүлээх хариуцлага

Иргэний эрх үүрэг хэсэгт дурдсанчлан, хүн бүр

  • агаарын чанарыг сайжруулах бүсэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийн талаар харьяалах дүүрэг, хорооны Засаг дарга, эрх бүхий улсын байцаагчид мэдэгдэх үүрэгтэй
  • агаар хамгаалах талаар төрийн захиргааны төв байгуулллага, нутгийн захиргааны байгууллагаас мэргэжил арга зүйн туслалцаа зөвлөгөө авах эрхтэй гэсэн байна.

Хяналт тавих хэсэгт (зураг үзнэ үү) зөвхөн сайжруулсан түлшний тараалт, борлуулалт болон түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих талаар л дурдсан байна. Хэн хэрхэн Бүс 2 болон 3-т харьяалагдаж буй өрхүүдийг цахилгаанд холбох талаар дурдаагүй бөгөөд цахилгаан сүлжээнд холбох ажлын төлөвлөгөө эсвэл үүнийг хариуцаж ажиллах хүн, байгууллагийн талаар огт дурдаагүй байна. Иймд Брийт Монголиагийн хамт олон энэ талаар нэмэлт шалгалт хийх бөгөөд олон нийтийн саналыг хүлээн авна. Та санал, мэдээллээ hello@breathemongolia.org хаяг уруу илгээгээрэй.

Тайлан мэдээ хэсэгт (зураг үзнэ үү) журмын хэрэгжилтийг сар тутам тайлагнана гэсэн байна. Энэхүү тайланг бэлтгэх үүрэгтэй байгууллага, түүний удирдлага нь дараах хүмүүс байна.

  1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар – Түдэвхүүгийн Гантулга
  2. Цагдаагийн ерөнхий газар – Жамсранжавын Болд
  3. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга – Б.Алтанзул
  4. Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба эдгээр мэдээллийг өөрсдийн цахим хуудас болон бусад мэдээллийн сувгаар (www.agaar.mn, www.mne.mn) тайлагнах үүрэг хүлээсэн байна. Та эдгээр байгууллагын цахим хуудсаар орж тайлантай нь танилцаарай. Бидний ажигласнаар энэхүү сар тутмын тайланд хэн, хэрхэн Бүс 2 болон 3-т харьяалагдаж буй өрхүүдийг цахилгаанд холбох талаар бас л дурдаагүй хэвээр байна.

Та манай газрын зургийг өдөр болгон ашиглаж, агаарын чанар шалгахыг өөрийн зуршил болгоорой. Бид агаарын чанар хэмжигч шинээр нэмж суурилуулахаар ажиллаж байна. Хэрвээ та өөрийн хэмжигчийн датаг манай газрын зураг дээр гаргамаар байвал бидэнтэй холбогдоорой. hello@breathemongolia.org хаяг уруу хүсэлтээ и-мэйлээр илгээгээрэй. Мөн Монголын агаарын бохирдолтой тэмцэж буй зорилго нэгтнүүдтэй Агаар-Нэг slack сувагт нэгдээрэй.

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >