Education, Environment, Health Impact, News

“Цэвэр агаарт таны оролцоо” төсөл амжилттай эхэллээ

12 · 10 · 2022

Нийтлэлч: Д.Амаржаргал

Бид Aстразенека байгууллагын дэмжлэгтэйгээр “Цэвэр агаарт таны оролцоо” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ төслөөр агаарын бохирдлын талаар сургалт хийхээс гадна Улаанбаатар хотод суунаглан буй яндангийн тоог бага хэмжээгээр ч болов цөөлж байгаагаараа онцлог юм. 

Энэ төслийн хүрээнд бид гурван үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд үүнд:

  1. Агаарын бохирдол, түүний үр дагавар, бууруулах арга замуудыг таниулах, мэдлэг түгээх зорилготой олон нийтэд чиглэсэн сар бүрийн сургалт хийх;
  2. Түүхий нүүрс, уламжлалт зуухны хэрэглээг багасгахаар байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийг гэр хороололд амьдарч байгаа 25 айлд нэвтрүүлэх;
  3. Төслийн үр дүнг хянаж, мэдээлэл цуглуулан түүн дээр суурилсан агаарын бохирдлыг бууруулах шийдвэр гаргагчдын үйл ажиллагаанд нөлөөлөх явдал юм.
Доктор Д.Амаржаргал туршилт сургалтын дунд агаарын бохирдлын эх үүсвэрийн талаар танилцууллаа.

Сар бүрийн сургалт маань нэг сэдвээ давтахгүй бөгөөд төсөлд хамрагдаж буй айлуудын төлөөллөөс гадна тухайн хороонд оршин суудаг бусад иргэдийг хамруулан агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар олон салбарын өөр өөр эрдэмтэд, нөлөө бүхий хүмүүсээр сургалт оруулан нийгэмд эерэг давлагаа үүсгэх зорилготой сэтгэл хөдлөм арга хэмжээ байх юм.

Харин технологийн шийдэл нь Монгол дахь НҮБ-ын хүүхдийн сан, Пипл Ин Нийд Олон Улсын Төрийн бус байгууллагатай  хамтран Монгол гэрийн дулаалга, халаалтын ЧИП багцыг суурилуулан, тэнд амьдарч байгаа хүүхдүүдийн угаарын хийн архаг хордлогыг бууруулахад чиглэнэ. Бид угаарын хийн архаг хордлогод гол анхаарлаа хандуулдаг нь уг хийн санамсаргүй өртөлтөөс болж Улаанбаатар хотод нас баралт тохиолдож, мөн өртөлтийн тоо нэмэгдэж байгаагаас (тухайлбал “АГААР НЭГ” гуравдугаар нээлттэй өдөрлөгөөр 2019-20 оны зааг дээрх өвлийн 6 сард нийт 2756 хүн хордсон ба 15 хүн нас барсан гэсэн мэдээ НЭМҮТ-ээс өгсөн) гадна өдөр тутам бага хэмжээгээр амьсгалснаар хүний мэдрэл сэтгэцэд сөргөөр нөлөөлдөгтэй холбоотой. Учир нь угаарын хий цусны улаан эсэд хүчилтөрөгчөөс өмнө очиж наалдан салж өгдөггүй бодис бөгөөд, бүх л биеэр хурдтай тархан тархинд хортой нөлөө үзүүлдэг нь олон улсын судалгаагаар батлагдсан.

Энэ бүх үйл ажиллагааны дүнд бид нарийвчилсан мэдээлэл цуглуулж, төслийн үр дүнгээ тодорхойлоход ашиглах бөгөөд цаашид бид ийм арга хэмжээ авснаар хэрхэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, илүү олон хүнийг агаарын бохирдлоос өөрсдийгөө сэргийлэх арга замд уриалан тэднийг татан оролцуулахад чиглэгдэх юм. Мөн бид зөвхөн айлуудад зааж сургах биш, тэднийг энэхүү агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаандаа идэвхтэй оролцуулан өөрсдөөр нь шийдвэр гаргахад оролцуулах бөгөөд энэ нь манай төслийг улам амжилттай болгох хөшүүрэг болох юм.

Уг төслийн анхны туршилт сургалтыг бид МУИС болон ХААИС-ийн оюутнуудад зориулж 2022 оны 9 сарын 27-нд явуулсан бөгөөд энэ арга хэмжээнээс залуус агаарын бохирдлын талаар мэдээллийг хоорондоо хуваалцах, энэ талаар үзэл бодлоо илэрхийлэх, өөрсдөө гар бие оролцох асар их хүсэл эрмэлзэлтэй байдаг нь ажиглагдлаа. Залуус агаарын бохирдол тэдний эрүүл мэндээс гадна гоо сайханд нь нөлөөлж байгаад санаа зовдгоо хуваалцсанаас гадна Улаанбаатар хотын хүн амын нягтаршил хэтэрч хэт олон хүн амьдарч байгаа нь олон асуудлын үндэс суурь болж байна гэв. Тэд сургуулиа төгсөхдөө хотоос гарч амьдран, орон нутгаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснээс гадна мод тарьж, дор хаяж хогоо ил задгай шатаахгүй байх талаар уриалж байв. 

Залуусын энэ идэвхтэй оролцоо нь манай төслийн эхлэлийг  маш амжилттайгаар тавьсан бөгөөд Монголд уг төслийг хариуцан ажиллаж байгаа төслийн удирдагч, доктор Д.Амаржаргал, хөтөлбөрийн менежер М.Оюунчимэг, агаарын чанарын мэргэжилтэн Н.Оюун-Эрдэнэ нар гар нийлэн ажилласан юм. Мөн сургалтын үеэр тавьсан илтгэлийн мэдээллийг бэлдэхэд Breathe Mongolia-гийн үйл ажиллагааны менежер Б.Энхүүн болон байгаль орчны хяналтын судалгаагаар мэргэшсэн эрдэмтэн Ана Мариа Кармен Лиэ нар үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. 

Бид бүгд агаарын бохирдлын эсрэг өөрийн чадах хэмжээнд арга хэмжээ авах боломжтой. Та Монгол, гадаад хаана ч амьдарч байсан ялгаагүй, агаарын бохирдол бидэнд энэ жил, ирэх жил, арван жилийн дараа ч хамаатай асуудал. Бидэнд сэтгэл байгаа цагт шийдэл олдоно. Агаарын бохирдлыг бууруулах арга замууд, өөрийгөө хэрхэн хамгаалах, сайн дурын үйл ажиллагаанд хэрхэн оролцох, хандив тусламж өгөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай цахим хуудсаар зочилно уу.

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >