Health Impact, Pregnancy, Protect Yourself, Мэдээ

Үргүйдэл ба эр бэлэг эрхтэний агчил: агаарын бохирдол нөхөн үржихүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

16 · 08 · 2021
Эх сурвалж: Belgutei Unsplash.com-дээр

Read in English | Англи хэлээр уншиx


Нийтлэлч Женни Хан Саймон, Мөнхбаяр Баярцэнгэл Элкинс

Орчуулсан: Д. Амаржаргал

Агаарын бохирдол гэхээр ихэнх хүмүүс шууд л амьсгалын эрхтэн тогтолцоонд муугаар нөлөөлнө гэж боддог. Харин агаарын бохирдолтой орчинд урт, богино хугацаанд алинд нь ч байсан биеийн бүх хэсэгт сөргөөр нөлөөлдөг ба бүр нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд хүртэл нөлөөлдөг. Мөн өмнө нь Breathe Mongolia-с крипторхизм буюу төмсөг хуухнагтаа буухгүй байх эмгэг болон агаарын бохирдлын хоорондын хамаарлын тухай өгүүллийг нийтэлсэн билээ. Энэ мэтчилэн агаарын бохирдол хүний биед санаанд оромгүй байдлаар нөлөөлдөг.

Улаанбаатар хотын хүн амын нөхөн үржихүйн түвшин үйлдвэрийн бохирдуулагчаас гаднах агаарын бохирдолтой шууд хамааралтай байна. 1990-2017 онд Монгол улсад нөхөн үржихүйн  түвшин 25%-иар буурч, нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 4-өөс 3 хүртэл буурсан байна. 2014-15 оны тооцооллоор Улаанбаатарын агаарын бохирдол ба хүн амын нөхөн үржихүйн түвшиний хоорондын хамаарал тодорхой мөчлөгтэйгээр ажиглагдаж байсан бөгөөд 10-р сартай харьцуулахад 1-р сарын жирэмслэлтийн түвшин 3.2 дахин буурдаг байна.

Монгол улсын агаарын бохирдлын түвшин тогтмол нэмэгдэж байгаагийн дээр агаарын бохирдол ба үргүйдлийн хоорондын холбоо улам ихээр нотлогдсоор байна. Тиймээс бид өөрсдийгөө болон хойч үеэ хамгаалахын тулд энэ тал дээр илүү их анхаарах шаардлагатай байна. Бохир агаараар амьсгалах нь хүний эрүүл амьдрах үндсэн эрхийг зөрчиж буй явдал билээ.

Эрчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд

Сүүлийн үеийн судалгаагаар агаар бохирдуулагчид нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн системд ихээхэн сөргөөр нөлөөлдөг болох нь тодорхой болсон. Агаар бохирдуулагчид нь тухайн газар нутаг, үйлдвэржилтийн төрөл, улс орноос хамааран өөр өөр байж болох ч үндсэн хордуулагч бодист хүхрийн давхар исэл (SO2), азотын давхар исэл (NO2), PM2.5, PM10 ордог. Эдгээр бодис агаарт нь өндөр агууламжаар байдаг орнуудад эр бэлгийн эсийн чадавхи буурах хандлагатай байгаа нь түгшмээр. Эр бэлгийн эсийн чадавхи гэдэг нь үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо юм. Ердийн үед 1 мл үрийн шингэнд дор хаяж 15 сая эр бэлгийн эс байдаг.

Агаар бохирдуулагч бодис ба эрэгтэй хүний үргүйдлийн хоорондын хамаарлыг олон судалгаагаар нотолсоор байна. Нэг судалгаагаар эр бэлгийн эсийн чанар муудалт ба маш их  ядраадаг ажлын байрны хоорондын хамаарлыг судалсан байна. Жишээлбэл, хурдны зам дээр машины хураамж цуглуулдаг хүмүүсийн үрийн шингэний тоо, хөдөлгөөн бага байснаас гадна хэлбэр нь хэвийн бус байжээ. Харин тийм орчны бохирдолгүй нөхцөлд ажилладаг хүмүүсийн эр бэлгийн эсд тэдгээр шинжүүд ажиглагдаагүй байна. Уг судалгаагаар дизель хөдөлгүүрт автомашины утаанд байнга өртөх нь эрэгтэй хүний нөхөн үржих чадварыг эрс бууруулдаг болохыг онцолсон байна. Бусад судалгаагаар PM2.5 ихтэй орчинд байснаар эр бэлгийн эсийн чанар буурч, үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн ялангуяа толгойн хөдөлгөөн, хэлбэр өөрчлөгдөж байж болзошгүй гэжээ.

Харин Монголд эрэгтэй хүний үргүйдлийн түвшин огцом нэмэгдэж байна. Сүүлийн үеийн 2000 гэр бүлд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 7.5% нь үргүйдэлтэй гэж гарсан. Гэсэн ч манайхан энэ сэдвээр ярихаас зайлсхийсээр байна. Клиникийн профессор П.Хадбаатартай хийсэн ярилцлагаас үзэхэд үргүйдэлтэй хосуудын 50% нь эрэгтэйгээс шалтгаалж байгаа ба энэ тоо сүүлийн үед 10-15% -иар өссөн байна. Эрэгтэй хүний үргүйдлийн нийтлэг шалтгаан нь хромосомын эмгэг бөгөөд харин нийт тохиолдлын 30%-д нь шалтгаан тодорхойгүй байгаа нь эмчлэхэд хүндрэл учруулж, туршилтын эмчилгээнд найдахад хүргэж байна. Тиймээс агаарын бохирдол ба эрэгтэй үргүйдлийн хоорондын хамаарлыг судлах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголын агаарын бохирдол тасралтгүй нэмэгдэхийн хэрээр эрэгтэйчүүдийн үргүйдэл нь хүн ам, нийгэмд ноцтой үр дагавар учруулах нийгмийн эрүүл мэндийн тахлын хэмжээнд хүрч болж болзошгүй юм.

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд

Агаарын бохирдол эрчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд нөлөөлдөгтэй адилаар эмэгтэйчүүдийн ​​нөхөн үржихүйн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг. 18 мянган хосыг оролцуулан хийсэн том хэмжээний судалгаагаар агаарын бохирдолд дунд болон их хэмжээгээр өртвөл үргүйдэлд хүчтэй нөлөөлдөг болох нь тодорхой болжээ. Мөн нэг шоо метр тутамд 10 микрограмм хэмжээтэй жижиг тоосонцрын хэмжээ түүнээс ихсэх тусам үргүй болох эрсдэл 20%-иар нэмэгддэг байна. Тухайлбал Хятад улст нэг шоо метр тутамд 53 микрограмм, Улаанбаатарт 2017, 2018, 2019, 2020 онуудад дунджаар нэг шоо метр тутамд 66.5, 58.5, 62, 52.9 микрограмм хэмжээтэй тэнцэх хэмжээний бохирдолтой гарсан байна. АНУ-ын үргүйдлийн клиникт хийсэн өөр нэг судалгаагаар агаарын бохирдол ба боловсорч гүйцсэн өндгөн эсийн тооны хоорондын хамаарлыг судлахад PM2.5 бага зэрэг л нэмэгдэхэд өндгөвч дэх өндгөн эсийн нөөц буурч, нөхөн үржих боломжтой насыг эрс багасган, үргүйдлийн түвшинг нэмэгдүүлдэг байна.

Монголд хийсэн судалгаагаар эрэгтэйд үргүйдлийн түвшин 25.6%, эмэгтэйд үргүйдлийн түвшин 45.8% байсан ба үүний  9.8% нь шалтгаан тодорхойгүй байна. Харин эдгээр эмэгтэйчүүдийн зөвхөн 29.7% нь үргүйдлийн эсрэг ямар нэг эмчилгээ хийлгэдэг байна. Монгол эмэгтэйчүүд үргүйдлийн шалтгаанаар эмчид өргөнөөр ханддаг (судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 77.5% нь эмнэлэгт хандсан байна) боловч, зөвхөн 44% нь үргүйдлийг тодорхойлох шинжилгээ хийлгэдгээс 29.7% нь л эмчилгээ хийлгэдэг байна. Агаарын бохирдол нь үргүйдэлд ийнхүү нөлөөлөх нь аюулын харанга дэлдэж байгаа тул бид хүн ам, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө үргүйдлийн оношилгоо эмчилгээ хийх чадавхийг Монголдоо сайжруулж, өргөжүүлэх шаардлагатай байна.

Агаарын бохирдол нь зулбах, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндийн бусад асуудалтай ч холбоотой байдаг. Ялангуяа Монголд улирлын чанартайгаар эрүүл мэндэд хор учруулж байна. Тухайлбал Улаанбаатар хотын агаарын бохирдол ихсэх нь зулбалттай шууд хамааралтай байна (Зураг 1, бүтнээр). 2014 оны судалгаагаар бүх агаар бохирдуулагч бодисын хэмжээ ба зулбах эрсдэл нь 1, 2, 12 -р сард ижилхэн өндөр хувьтай байсан байна.

Зураг 1. 2011 оны агаарын бохирдлын түвшин ба амьгүй ургийн харьцаа. Эх үүсвэр: Enkhmaa, et al. (2014) Seasonal ambient air pollution correlates strongly with spontaneous abortion in Mongolia

Монголын Үндэсний Статистикийн Хороо, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2020 оны судалгааны тайланд агаарын бохирдол нөхөн үржихүйн эрүүл мэндэд ямар хүчтэй нөлөө үзүүлж байгааг онцолсон байна. 2018 онд 1000 амьд төрөлтөд 81 хүүхэд дутуу төрсөн нь сүүлийн таван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт юм. 2019 онд энэ тоо 72 болж буурсан бөгөөд 2020 онд 76 болж бага зэрэг нэмэгдсэн байна. Төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүд сүүлийн гурван жилд өсч, 2018 онд 1000 амьд төрөлтөд зургаан тохиолдол, 2019 онд найман тохиолдол, 2020 онд есөн тохиолдол бүртгэгдсэн. Төрөлхийн гажиг ба амьгүй төрөлтийн тохиолдол агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн саруудад хамгийн ихээр бүртгэгдсэн байна. Ийнхүү уг тайланд агаарын бохирдлын улмаас нөхөн үржихүйн эрүүл мэндэд учрах эрсдлийг дэлгэрэнгүй оруулж өгчээ. Тиймээс бид зорилт сайтай бодлого тодорхойлохын тулд нэмэлт судалгаануудыг хийх шаардлагатай байна.

Мөн энэ талын судалгаанууд агаарын бохирдол ба сарын тэмдгийн мөчлөг, бэлгийн дур хүслийн хоорондын холбоо гэх мэт шинэ салбаруудад нэмэгдсээр байна. Жишээлбэл, PM2.5 ба NO2-т өртөх нь фолликулын үе буюу эмэгтэй хүний сарын тэмдгийн эхлэл ба овуляцийн хоорондох хугацааг уртасгахад хүргэдэг. Мөн агаарын бохирдол нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогджээ. Сэтгэцийн эрүүл мэндийн байдал муудах гэдэгт сэтгэл гутрал, бэлгийн дур хүсэл буурах, урьд өмнө дуртай байсан зүйлдээ сонирхолгүй болох зэрэг орно. Сарын тэмдгийн мөчлөгийн гэнэтийн өөрчлөлт, бэлгийн дур хүсэл буурах зэрэг нь төрөлтийн түвшин буурахад нөлөөлж байна.

Дүгнэлт

Агаарын бохирдолд өртөх нь эр бэлгийн эсийн чанар, бэлэг эрхтний хэмжээ, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь улам ихээр батлагдсаар байна. Агаарын бохирдол нь яг одоо бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ирээдүй хойч үе болон бидний үр удмаа үлдээх чадварт ч хор учруулж болзошгүй байна!

Монголын агаарын бохирдолтой тэмцэхэд хувь нэмрээ оруулахын тулд та манай цахим хуудсанд зочилж, хандив өгөх, энэ талаар илүү ихийг мэдэж, өдөр тутмын амьдралдаа өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадах арга хэмжээг аваарай. Та дараах арга хэмжээг нэн даруй авах боломжтой.

  • АЧИ 50 -аас дээш байх үед гадаа маск зүүх
  • Дотор болон машиндаа агаар цэвэршүүлэх төхөөрөмж ашиглах
  • Эрүүл мэндийн үзлэгт жил бүр хамрагдаж, өөрийн эрүүл мэндийг хянах

Монголын агаарын бохирдолтой тэмцэхдээ өөрийн байгаа газартаа, эргэн тойрны хүмүүстээ эдгээр мэдээллийг хуваалцан, дэлгэрүүлээрэй. Түүнчлэн төр засаг, бодлого боловсруулагчдыг агаарын бохирдлын эсрэг бодитой арга хэмжээ авахыг уриалах шаардлагатай байна!

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >