2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр | Монгол Улс, Улаанбаатар хот – Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа НҮБ-ын Хүүхдийн Cантай хамтран агаарын бохирдлын хамтын ажиллагааны “Агаар нэг” платформыг нээлээ. Энэхүү төслийг “Швейцарын хөгжлийн агентлаг”, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр “Breathe Mongolia – Clean Air Coalition” төрийн бус байгууллага хэрэгжүүлсэн юм. Бүх хүнд нээлттэй; төлбөргүй; Aнгли, Mонгол хэл дээр ашиглах боломжтой тус цахим платформ нь Монгол Улсад хэрэгжиж буй агаарын бохирдлын төсөл, санаачилга, арга хэмжээ, судалгааны талаарх мэдээллийн төвлөрсөн бааз болж хөгжинө.

2020 оны сүүлээс НҮБ-ын Хүүхдийн сан “Breathe Mongolia – Clean Air Coalition” төрийн бус байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах; мэдлэг, менежментийн нэгдсэн платформыг бий болгохоор ажиллаж эхэлсэн. “Breathe Mongolia”-ийн баг энэхүү платформыг хөгжүүлэхдээ агаарын бохирдлын эсрэг ажлын хэсгийн гишүүд, өөр бусад байгууллагууд болон хүмүүстэй ярилцлага хийж, судалгаа боловсруулсан. Үр дүнд нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг байгууллагууд, мэргэжлийн хүмүүсийн хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо хангалтгүй байгааг баталгаажуулав.

“Агаар нэг” төслийн зорилго бол агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг оролцогч талуудын хамтын ажиллагааг хялбаршуулахад дэмжлэг үзүүлэх явдал билээ. Бидний дараагийн зорилго бол агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг байгууллагуудын өмнө нь хийсэн болон одоо хийж буй ажлуудын талаарх мэдээллийг ил тодoop үйл ажиллагааг нь нийтэд сурталчлах юм. Платформ маань дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй:

1. Байгууллага бүр өөрсдийн танилцуулгаа хүссэн үедээ өөрсдөө оруулж, нэмэлт материалууд байршуулах боломжтой.

Хэрэгжиж дууссан болон одоо хэрэгжиж байгаа төслүүд, хамтран ажиллаж буй байгууллагуудын мэдээллийг байршуулах, төслөө үйл ажиллагаа гэж тэмдэглэснээр бусад хүмүүст тухайн байгууллагын зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээний мэдээлэл очно.

Ажлын байр, сайн дурын ажлын зар тавих боломж.

Байгууллагууд төслүүд, эх сурвалж, мэдээгээ нэг дор оруулснаар хүмүүст цогц ойлголт өгөх боломжтой.

2. Англи, Mонгол хоёр хэлний сонголттой. “Агаар нэг” платформ нь Aнгли, Mонгол хэл дээрх агуулгыг дэмждэг бөгөөд байгууллагууд өөрт хялбар хэлээр мэдээллээ оруулах боломжийг олгож байгаа юм. Мөн энэ сонголт нь Mонгол ба гадаад оролцогч талуудын мэдлэгийн зөрүүг бууруулах болно.

3. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл бүхий нүүр хуудас. Автоматаар шинэчлэгддэг нүүр хуудасны хамгийн сүүлийн хэсэг оролцогч талуудад байнга шинэ мэдээлэлтэй байхад тусална.

4. Байгууллага, түлхүүр үг, эсвэл эх сурвалжаар нь шүүж хайлт хийх боломжтой мэдээллийн сантай.

5. Блог хэлбэрээр хамгийн сүүлийн үеийн зурган мэдээлэл бүхий мэдээллийн хуудастай.

6. Байгууллагууд өөрсдийн агуулгыг нийтлэх тул мэдээлэл, агуулгaa шинэчлэхэд ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй.

Дараах байдлаар байгууллагынхаа мэдээллийг манай цахим хуудсанд байршуулах боломжтой.

“Агаар нэг” санаачилгын нэмэлт үйлчилгээнүүд:

  • Байгууллагууд өөрсдийн төсөл, арга хэмжээ, санаачилгыг олон нийтэд сурталчлах боломжтой “Агаар нэг” фейсбүүк хуудастай
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг оролцогч талууд хоорондоо шууд холбогдож, харилцан ярилцаж, хамтран ажиллахад зориулсан “Агаар нэг” Slack суваг болон төслийн гишүүд хоорондоо холбогдоход зориулсан тусгай сувагтай
  • “Агаар нэг” төслийн зохион байгуулагчид бүсчлэл, эрх зүйн зохицуулалтын баримт бичиг зэрэг байнга хэрэг болдог мэдээллийг цахим хуудас дээр байршуулахаар төлөвлөж байна.

“Агаарын бохирдол бол бидний хүрээлэн буй орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хамгийн тулгамдсан асуудал юм. Энэ асуудлыг ямар ч байгууллага дангаар шийдэх боломжгүй том асуудал билээ. AgaarNeg.mn платформ бол хөгжлийн болон төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг оновчтой болгоход хэрэгтэй яг тэр зүйл болж байна.” гэдгийг “People in Need Mongolia” байгууллагын Монгол дахь салбарын Захирал Тим Женкинс онцлон тэмдэглэв.

“Энэ платформыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс хөгжлийн байгууллага хоорондын болон Засгийн газартай хэрэгжүүлэх агаарын бохирдолтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах, сайн туршлагыг улс орон даяар түгээх, улс, орон нутгийн төсөвтэй уялдуулж хэрэгжүүлэх, шинэ төсөл боловсруулах, хөрөнгө босгоход ашиглаж, цаашид хөгжүүлж том хэмжээний мэдлэг, мэдээллийн сан болно гэж итгэж байна” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Т.Уртнасан онцлов. 

“Ковид-19 цар тахлын улмаас үүсэж буй цахим шилжилтийн энэ үед агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг нэгтгэн, мэдээллийн сан үүсгэж байгаа нь том дэвшил. Гэхдээ энэхүү мэдээллийн сангийн цаашдын тогтвортой байдал, үр дүн нь оролцогч талуудын сонирхол, оролцооноос хамаарна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.

“Бид агаарын бохирдлын асуудлыг цахим технологийн талаас нь шийдвэрлэх дээр илүү анхаарч ирсэн ба цаашдаа ч мөн “Агаар Нэг” санаачилгын хүрээнд энэхүү үүргийг гүйцэтгэн, дэмжин ажиллах болно” хэмээн Брийт Монголиа ТББ-ын үүсгэн байгуулагч Ц.Азжаргал хэллээ.

Агаар нэг платформын амжилт Монголын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй оролцогч талуудын сонирхол, оролцооноос хамаарна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “People In Need Mongolia”, “Жерес”, “Монголын Санхүүгийн Тогтвортой Байдлын Холбоо”, “Дэлхийн Ногоон Хөгжлийн Хүрээлэн”, Дэлхийн Банкны Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг 22 байгууллага уг платформд гишүүнээр элсээд байна.

Агаарын бохирдлын тухай мэдээллийн нэгдсэн “Агаар Нэг” платформын холбоосууд:

  1. Элсэх хүсэлт бөглөх: http://bit.ly/JoinAgaarNeg
  2. Агаар нэг вебсайт: https://AgaarNeg.mn
  3. Агаар нэг фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/agaarneg.mn
  4. Агаар Нэг Slack (мессеж бичих апп): http://bit.ly/AgaarNegSlack

 

“Breathe Mongolia – Clean Air Coalition” төрийн бус байгууллагын тухай

“Breathe Mongolia – Clean Air Coalition” нь Монгол болон АНУ-д бүртгэлтэй олон нийтийг мэдээллээр хангаж, Монгол Улсын агаарын бохирдлыг арилгах зорилготой ашгийн бус байгууллага бөгөөд бид цэвэр агаартай, тогтвортой цэцэглэн хөгжиж буй Монгол Улсыг бүтээхэд хувь нэмрээ оруулах алсын хараатай.