Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол нь дэлхий дахины тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудал нь манай улсад хэдийнээ мэдрэгдэж эхлээд байгаа билээ. Монгол Улсад цаг агаарын эрс тэс уур амьсгал,  хэт халалтаас шалтгаалж газрын доройтол, цөлжилт эрс нэмэгдсээр байна. Тодруулбал, Монгол Улсын уур амьсгал 1940-2015 оны хооронд хоёр хэмээс дээш дулаарч, хур тунадасны хэмжээ багасч, нийт газар нутгийн  76,8 хувь нь дунд болон хүчтэй  цөлжилтөд өртжээ. Мөн нийслэл Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын (PM2.5 болон PM10) түвшин ДЭМБ-ын зөвлөмжид заасан хэмжээнээс байнга илүү гарч, дэлхийн хамгийн их бохирдолтой хотын нэгээр жил бүр тодорч байна. Нэг үгээр уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол нь тусдаа асуудал боловч хоорондоо нягт харилцан уялдаатай. Уур амьсгалын өөрчлөлт нь суурин газраас хотыг зорих иргэдийн тоог нэмэгдүүлж улмаар агаарын бохирдлыг ихэсгэхэд хувь нэмэр оруулж байгаа юм. 

Өдөр ирэх тусам эдгээр сөрөг үр дагавар нь нэмэгдсээр байгаа хэдий ч бид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах боломж байсаар байна. Үүний нэг тод жишээ бол хор нөлөөг нь хүн бүгд танин мэдэж, хэрхэн бууруулах аргыг ойлгож, амьдралдаа хэвшүүлэх явдал юм. Иймээс тус чиглэлээр үйл ажиллагаа явуулагч “Green Dot” болон “Breathe Mongolia – Clean Air Coalition” байгууллагуудын зүгээс дунд, их сургуулийн оюутан сурагчдад зориулан “Уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэгийн уралдаан, Агаарын бохирдлын мэдлэгийн уралдаан”-ыг “TomYo” аппликейшн дээр наймдугаар сарын 26-аас эхлүүлж амжилттай үргэлжилж байна.

Энэхүү уралдаан нь “TomYo” аппликейшн дээр таван долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголтыг өгөхөд чиглэгдэж ялагчийг тодруулах болно хэмээн тэмцээний хамтран зохион байгуулагч “Green Dot” компанийн хамтран үүсгэн байгуулагч Irene онцоллоо.

Тэрээр “Green Dot” компани нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл өгөх, тухайн мэдлэгээ өдөр тутмын амьдралдаа ашиглахад хувь нэмэр оруулах зорилготой. Энэ хүрээнд бид “Breathe Mongolia – Clean Air Coalition”-тай хамтран агаарын бохирдол, уур амьсгалын чиглэлд олныг хамарсан, нөлөөллийн төслүүдийг хэрэгжүүлэхээр болж байгаа. Энэ удаа бид дунд сургуулийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудад мэдлэг мэдээлэл олгох зорилгоор асуулт хариултат тэмцээнийг “TomYo” аппликейшн дээр зохион байгуулан амжилттай үргэлжлэн явж байна. Долоо хоног бүр нийт арван асуултад оролцогч нар хариулах бөгөөд амжилттай хариулсан ялагчид хоёр байгууллагын зүгээс гарын бэлгийг гардуулах болно. Оролцогчид таван долоо хоногийн туршид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой 30 асуулт, агаарын бохирдолтой холбоотой 20 асуултад хариулж, цогц ойлголтыг авах болно. Уншигч та хэрвээ манай уралдаанд оролцохыг хүсвэл “TomYo” аппликейшныг утсандаа суулгаж “Уралдаан” хэсэг рүү орж асуултад хариулах боломжтой” гэлээ.

Та энэхүү уралдаанд оролцсoноор уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинэ мэдлэг авч, эсвэл мэдлэгээ бататгаж цааш амьдралдаа хэрэгжүүлэхэд дөхөм болж чадах юм. Ихэвчлэн энэ төрлийн агуулга онлайн орчинд монгол хэлээр ховор байдаг учир өөр олон давуу талыг авч ирэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

“Breathe Mongolia – Clean Air Coalition” байгууллагын үйл ажиллагааны менежер Б.Энхүүн

Энэ талаар “Breathe Mongolia – Clean Air Coalition” байгууллагын үйл ажиллагааны менежер Б.Энхүүн “Манай байгууллага нь агаарын бохирдлын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд түгээж, урьдчилан сэргийлэх төсөл арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар гурван жил боллоо. Харин одоо бид “Green Dot” компанитай хамтран контентуудаа бэлтгэж дуусан, олон нийтэд хүргэж байна. Бидний хувьд агаарын бохирдлыг уур амьсгалын өөрчлөлттэй холбосон контент гаргахыг зорьсон. Манай уралдаанд хүүхэд багачууд маань оролцсоноор агаарын бохирдол, уур амьсгалын талаар суурь мэдээлэлтэй болж, цаашлаад амьдралын хэв маягт нь өөрчлөлт орох болно гэдэгт итгэлтэй байна. Уралдаан маань нийтлэл уншихаас илүү асуулт хариултын хэлбэрээр явагдаж байгаа учир сонирхолтой, цааш илүү лавлаж судалгаа хийх сэтгэгдлийг төрүүлэх болно.

Мөн энэ удаагийн уралдаан бол хоёр байгууллагын хамтралын зөвхөн эхлэл нь гэдгийг тодотгомоор байна. Энэ удаагийн контентийн үр дүнд тулгуурлаж цаашдаа хэрэгжүүлэх нөлөөллийн үйл ажиллагаагаа тодорхойлох болно. Иймд хэрэв танд уралдаантай холбоотой санал хүсэлт байвал бидэнд хандахыг хүсч байна” гэлээ.

Уралдаан долоо хоног бүр уур амьсгал болон агаарын бохирдлын талаар арван асуулттайгаар ээлжилж “TomYo” аппликейшн дээр зохион байгуулагдах юм. Тэгвэл тус уралдаанд яагаад голчлон арван жил, их дээд  сургуулийн хүүхдүүдийг хамруулахыг зорьсон талаар асуухад “Green Dot” компанийн хамтран үүсгэн байгуулагч Б. Гэрэлтуяа:

“Дэлхий дахины хамгийн том тулгамдсан асуудал нь уур амьсгалын өөрчлөлт болоод байна. Бид 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 50 хувь бууруулахгүй бол, 2100 онд уур амьсгалын дундаж дулаарлыг 2 градусаас нэлээн доош, бүр 1.5 градуст барьж чадахгүй бол бид энэ гаригт амьдрах боломжгүй болно. Энэ нь цаагуураа бидний амьдралд ихээр нөлөөлнө. Манай улсын иргэдийн 30 гаруй хувь нь мал аж ахуй, ойн аж ахуй, ан агнуур эрхэлдэг. Тэгвэл цөлжилт, ган зуд зэрэг байгалийн гамшгаас болж малчид өрхийн амьжиргаагаа алдахад хүрч байна. Энэ нь цаагуураа улс орны эдийн засагт ч нөлөөлнө. Бага байхад өвөө эмээгийн малаа хариулдаг байсан газар одоо цөлжиж, ган зудтай болж амьдрахад хэцүү болсон. Бид үүнийг хүн бүхэнд нэн ялангуяа ирээдүй хойч үедээ ойлгуулах нь чухал. Учир нь тэд бол дараагийн лидерүүд, ирээдүйн эзэд. Иймд залуус маань тулгарч байгаа энэ асуудлаа ойлгож, зөв бодлогыг баримталж, амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй. Аль болох залуу үеэ хөгжүүлье, дохио өгье гэсэн үүднээс оролцогчдоо тодорхойлсон. Бид анх энэхүү төслөө эхлүүлэхээр болж, “TomYo” аппликейшны хамт олонд хамтран ажиллах санал тавьсан бөгөөд тухайн баг хамт олны зүгээс дуртайяа хүлээн авсан. Энэ ташрамд боловсролыг дэмжигч “TomYo”-ийн хамт олонд баярлалаа” хэмээн хариулсан юм.

Дээр дурдсанчлан “Breathe Mongolia – Clean Air Coalition”, “Green Dot” байгууллагуудын хамтын ажиллагааны эхлэл нь энэ байх бөгөөд цаашид хоёр баг энэ чиглэлд илүү дорвитой ажлуудыг хийж, уур амьсгал, агаарын бохирдлын үйлст бие биенээ дэмжин хамтын ажлуудаа зохион байгуулахаа илэрхийлж байлаа.

Уншигч та тэмцээнтэй холбоотой мэдээлэл, санал хүсэлт байвал “Green Dot” болон “Breathe Mongolia – Clean Air Coalition”-ийн цахим хуудсуудад нэгдэн илэрхийлээрэй. 

Breathe Mongolia – Clean Air Coalition

Facebook: Breathe Mongolia – Clean Air Coalition

Instagram: breathemongolia

Email: hello@breathemongolia.org 

Green Dot

Facebook: Green Dot

Instagram: greendot.vip

Email: be@greendot.vip