Breathe Mongolia ТББ-ын хэрэгжүүлж буй “Цэвэр агаарт таны оролцоо” төсөл нь Улаанбаатар хот дахь яндангийн тоог цөөн ч болтугай тоогоор бууруулж, дотор орчны агаарын чанар хүүхдийн хөгжил тэр тусмаа мэдрэл сэтгэхүйн хөгжилд нөлөөлж буй байдлыг багасгах, мөн дотор болон гаднах агаарын чанарын мэдээллийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог идэвхижүүлэх, улмаар агаарын бохирдлын эсрэг иргэд өөрсдийн зүгээс арга хэмжээ авах арга хэрэгслээр хангах зорилго бүхий төсөл юм.
Астразенекагийн санхүүжилттэй хэрэгжиж буй энэхүү төсөл нь Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багц болох технологийн шийдлээр гэрт гал түлэхгүй болгож, дотор орчны нарийн ширхэгт тоосонцор болон нүүрстөрөгчийн дутуу исэлд өртсөнөөс үүсэх хүүхдийн архаг хордлогыг бууруулж байгаагаа онцлог юм. Уг төсөлд хамрагдах айл нь ЧИП багцныхаа зардлын тал хувийг ногоон зээл авах болон өөрсдөө бие даан гаргаж байгаа нь тэдний утаагүй амьдрах маш их хүсэл сонирхолтой байгааг илтгэж байгаа юм. Харин үлдсэн тал хувь болох таван зуун ам.долларыг төслийн зүгээс Пипл ин нийд ОУТББ-аар дамжуулан төлсөнөөр айлуудыг хамруулж байгаа билээ.

Ингээд “Цэвэр агаарт таны оролцоо” төслийн утга учрыг ойлгож, хамтран ажиллах хүсэлтэй Баянзүрх дүүргийн 25 айлыг амжилттай хамруулсан. Эхний ээлжинд сонгогдсон айлуудаар явж, агаарын бохирдолтой холбоотойгоор ямар асуудал хамгийн их санааг нь зовоож байгаа тухай санал солилцон асуухад бараг бүх айл шахмал түлшинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
“Шахмал түлш хортой, угаартаж нас бардагт санаа зовдог.”
Энэ бол хамгийн их санаа зовоож буй асуудал байв. Монгол Улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ “Сайжруулсан түлш нь түүхий нүүрсийг бодвол хоёр дахин их илчлэгтэй тул тэр хэмжээний хүчилтөрөгч ашиглаж байж бүрэн шатна гэсэн үг. Жишээгээр тайлбарлавал, Багануурын нэг шуудай нүүрсийг түлэхэд 100 литр хүчилтөрөгч хэрэглэж байсан бол адил хэмжээтэй сайжруулсан түлшийг хэрэглэхэд ойролцоогоор 200 литр хүчилтөрөгч хэрэглэнэ. Тиймээс зуухан доторх агаарын солилцоо өмнөхөөсөө дор хаяж хоёр дахин сайн байх ёстой. Харин хүчилтөрөгч хүрэлцээгүй болохоор дутуу шаталт явагдаж угаарын хий ялгардаг. Тиймээс угаарын хийг маш сайн таталттай яндангаар соруулахгүй бол гэрт тархаж угаартана.” гэжээ. Тиймээс угаартахаас сэргийлэхийн тулд яндангаа байнга хөөлөх шаардлагатай. Айлууд өнжөөд нэг яндангаа хөөлдөг гэв. Уг төсөлд оролцсон зарим иргэд эхэндээ угаартахаас айгаад мод түлэх үе бишгүй байсан, заримдаа галаа түлэхгүй хүйтэн байлгах үе ч байсан гэв.
“Шахмал түлшнээс болж өнгөрсөн хоёр жил агаарын бохирдол буурсан юм байхгүй, зүгээр цаг агаар дулаан байсан болохоор айлууд бага түлж утаа гайгүй байсан.”
Энэхүү сонирхолтой өнцгийг төсөлд оролцогч зарим айлууд хуваалцав. Тэгвэл өвлийн хүйтрэл шахмал түлш хэрэглэсэн 2020–2021 онуудад олон жилийн дунджаас-аас 1–3°С–аар дулаан байсан нь дээрх таамаглал үнэний ортойг илтгэх хэдий ч нэг градусаар дулаарахад айлуудын түлэх түлшний хэмжээ хэрхэн өөрчлөгдөх нь харилцан адилгүй байх буйзаа.

“Шахмал түлш түлж байх үед зуухны амыг онгойлгохоор хоолой өвтгөдөг, ам хамраа юмаар таглахгүй бол болдоггүй. Түүхий нүүрс тэгдэггүй байсан.”
Дээрх асуудал шахмал түлштэй холбоотой гарсан удаах санаа зовнилт байв. Шахмал түлш үйрмэг тортог ихтэй бужигнаж энд тэнд хийсэхдээ амархан, мөн дээрээс нь хиймэл орц ихтэй тул байгалийн түүхий нүүрс шиг бордоо байдлаар янз бүрээр ашиглаж болохгүй байна гэж төсөлд оролцогч иргэн О.Соёл-Эрдэнэ бидэнд хуваалцав. Тэрээр цааш ярихдаа шахмал түлшнээс гарсан үнсийг дахин ашиглах боломжгүй байгаа тул хаяхаас өөр аргагүй. Гэтэл шуудайнд хийхээр шуудай нь шатаад хэцүү, поошикт хийхээр хогны машины хүмүүс ачиж явахгүй байна. Нэг ийм үнснийхээ учрыг олохгүй л байдалтай болчихоод байна даа гэв. Харин зарим айлууд хальтиргаанаас хамгаалж үнсээ зам дээр асгадаг нь хавар болохоор хийсч ам хамар луу ордог гэж төсөлд оролцогч айлууд нэмж дурьдаж байв. Нүүрс түлэхэд гарсан үнс нь олон төрлийн хүнд металлыг агуулдаг ба эдгээр нь хүний биед амьсгалын замын өвчлөлөөс гадна элэг, бөөрний дутагдал, хавдар үүсэхэд хүртэл нөлөөлдөг.
Өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдийн хогийн 75.2 хувийг үнс эзэлдэг бөгөөд Улаанбаатар хот даяар энэ нь нийт хог хаягдлын 48.2 хувийг эзэлж байна. Тиймээс жилдээ дор хаяж 347.5 мянган тонн үнс газарт булдаг ажээ. Олон улсын практикт нүүрснээс гаргаж авсан үнсийг ихэвчлэн ашиглагдаж дууссан уурхайн дүүргэлт, шороон замын давхарга, хөдөө аж ахуйн хөрсний нэмэлт, бетон хавтан, сургуулийн гүйлтийн замд нэмэлт орц болгон ашигладаг. Харин манай улст ч шахмал түлшийг дахин эргэлдүүлж, замын хавтан, бродьюр зэргийг хийхдээ нэмэлтээр ашиглах туршилтын үйл ажиллагаанууд өнгөрсөн жил явагдсан боловч айлууд энэ талаар мэдээлэлгүй байгаа нь ийнхүү харагдлаа. Энэхүү туршилтын дүнд “Сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнс. Техникийн шаардлага, турших арга” стандартыг үндэсний стандарт MNS 6927:2021 дугаартайгаар шинээр баталж, мөрдөж эхэлсэн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үнсийг дахин боловсруулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм байна.

Ийнхүү шахмал түлшний асуудал бидэнд ар араасаа шинэ асуудлыг нэмж дагуулсаар байгаа нь манай төслийн явцад тодорхой болсоор байна. Монголчууд бид асуудлыг шийдэх гэж оролдоод шинээр өөр олон асуудал нэмсэн бололтой. Хамгийн зөв шийдэл бол нэгэн төсөлд оролцогчийн хэлсэнээр утаа гаргаж, юм түлэхээ л больмоор байна. Тиймээс манайх ЧИП багц авах хүсэлт гаргасан нь энэ гэсэн юм. “Цэвэр агаарт таны оролцоо” төсөл ч иргэдийн энэхүү хүсэл эрмэлзлийг дэмжин ажиллаж, Улаанбаатар хотын яндангийн тоог нэгээр ч болов цөөлөхийг зорьж байгаа билээ.
Та www.breathemongolia.org хуудаст зочилж, өдөр тутмынхаа агаарын чанарыг шалгаж, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах, утааг бууруулах бодит алхмуудыг хийгээрэй. Бидэнтэй hello@breathemongolia.org хаягаар холбогдож нэмэлт мэдээлэл авч, хамтран ажиллах боломжтой.